1. СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРТ ТАВИГДАХ ҮНДСЭН ШААРДЛАГА
- 1.1. Сургалтын хөтөлбөрийн үндсэн бүрэлдэхүүн хэсэг
- 1.2. Нийлмэл сургалтын хөтөлбөрийн онцлог шинж
- 1.3. Сургалтын хөтөлбөрт тавигдах гол шаардлага
1.1. Сургалтын хөтөлбөрийн үндсэн бүрэлдэхүүн хэсэг
Curriculum буюу сургалтын хөтөлбөр гэдэг нь тодорхой түвшний боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн боловсролын зорилго, зорилт, суралцахуйн үр дүн, хичээлийн агуулга, сурах, сургах арга зүй, үнэлгээний арга зүй, орчин, хэрэглэгдэхүүн, тэдгээрийн хоорондын нарийн уялдаа холбоог тодорхойлсон нэгдмэл баримт бичиг юм.
Өмнө бид сургалтын хөтөлбөр гэдэг ойлголтыг олон улсын жишгээр оновчтой тодорхойлж чадахгүй, сургалтын төлөвлөгөөтэй андуурч агуулгыг нь хэт багасган хичээлийн нэр, код, багц цаг, заагдах улирал зэргийг багтаасан 2-3 нүүр баримт бичиг мэт үзэх эсвэл агуулгыг нь хэт ихэсгэн шаардлагагүй олон зүйлсийг нэмж авч үзэх гэх мэт алдааг гаргадаг байсан. Иймээс Үр Дүнд Суурилсан Боловсрол(ҮДСБ)-ын тогтолцоонд сургалтын хөтөлбөр гэдгийг олон улсын жишгээр хэрхэн тодорхойлсныг мэдэх хэрэгтэй бөгөөд эндээс л сургалтын хөтөлбөр боловсруулах ажил эхэлнэ.
Орчин үеийн дээд боловсролын чиг хандлагын дагуу сургалтын хөтөлбөр нь дараах шинж чанарыг хангасан байх ёстой. Үүнд:
-
Суралцахуйн үр дүнгийн болон хөтөлбөрт тавигдах нийтлэг шаардлагыг хангасан байх
-
Онол практикийг хослуулсан байх
-
Суралцагчийн мэргэжлийн болон хувь хүний чадваруудыг хөгжүүлэхэд чиглэсэн байх
-
Сургалтын арга зүй, суралцахуйн үр дүн, сургалтын үнэлгээний хэлбэрүүдийг бүрэн багтаасан байх
-
Хөтөлбөрт оролцогч талуудын санал зөвлөмжийг тусган байнга сайжруулдаг байх,
-
Хичээл хоорондын уялдаа, залгамж холбоог хангасан байх гэх мэт.
Олон улсад мөрдөж байгаа нийтлэг жишгээр сургалтын хөтөлбөр нь зураг 1.1-д үзүүлсэн бүрэлдэхүүн хэсэгтэй ба эдгээрийг товчхон тайлбарлая.
Зураг 1.1. Сургалтын хөтөлбөрийн бүрэлдэхүүн хэсэг
Хөтөлбөрийн Боловсролын Зорилт (PEO): Хөтөлбөрийн боловсролын зорилт гэдэг нь тухайн хөтөлбөрөөр суралцаж төгсөгчид суралцаж байх үедээ олж авсан мэдлэг, ур чадвартаа тулгуурлан мэргэжлээрээ 4-5 жил ажилласны дараа хэрхэн хөгжиж чадамжийн хувьд ямар түвшинд хүрсэн байх ёстойг илэрхийлнэ. Хөтөлбөрийн зорилтыг их сургуулийн стратеги төлөвлөгөө, эрхэм зорилго, ажил олгогчдын судалгаа дээр үндэслэн томьёолно.
Хөтөлбөрийн Суралцахуйн Үр дүн (PLO): Тухайн хөтөлбөрөөр суралцагчийн сургууль төгсөх үедээ эзэмшсэн байх мэдлэг, ур чадвар, хандлагын жагсаалт, түүний түвшинг хөтөлбөрийн суралцахуйн үр дүн гэнэ. Нэг ёсондоо оюутан төгсөх үедээ юу юу мэддэг, юу юуг хийж чаддаг, аливаад хэрхэн ханддаг болсон байхыг илэрхийлэх үр дүн гэж хэлж болно.
Сургалтын төлөвлөгөө Сургалтын төлөвлөгөө гэдэг нь судлах хичээлийн нэр, код, ангилал, улирал, багц цаг, зохион байгуулалт (хичээлийн хэлбэр, залгамж холбоо, цагийн задаргаа, сонгох боломж)-ыг тодорхойлсон хэсэг юм.
Сургалтын төлөвлөгөөнд байгаа хичээлүүд хөтөлбөрийн суралцахуйн үр дүнтэй холбоотой тодорхойлогдохоос гадна тэдгээрийн багц цагийн хуваарилалтыг дотоод гадаадын магадлан итгэмжлэлийн байгууллагын шалгуур, шаардлага, боловсролын асуудал хариуцсан яамнаас тогтоосон дүрэм, журамтай уялдуулан тогтоодог. Жишээлбэл: Олон улсын магадлан итгэмжлэлийн ABET байгууллагаар магадлан итгэмжлэгдэх гэж буй инженерийн чиглэлийн сургалтын хөтөлбөрийн хувьд математик, суурь шинжлэх ухааны чиглэлийн хичээлүүд нийт хичээлийн багц цагийн 25 хувиас доошгүйг эзэлж байх шаардлагатай гэж заасан байдаг. Монгол улсын аль ч их, дээд сургуульд Монголын түүх, Хүний хөгжил гэх мэт хичээлийг заавал судлах шаардлагатай гэж заасан байх жишээтэй.
Хичээл ба хөтөлбөрийн суралцахуйн үр дүн хоорондын хамаарал: Хөтөлбөрийн суралцахуйн үр дүн буюу хөтөлбөрөөр суралцаж төгсөх оюутны эзэмших мэдлэг, ур чадвар, хандлагыг сургалтын төлөвлөгөөнд байгаа ямар ямар хичээлийг судалснаар оюутанд эзэмших боломжтойг харуулсан хичээл ба суралцахуйн үр дүн хоорондын хамаарлын матрицыг хэлнэ. ҮДСБ-ын тогтолцоог жинхэнэ утгаар нь хэрэгжүүлье гэвэл сургалтын төлөвлөгөөнөөс гадна сургалтын төлөвлөгөөний хичээлүүд ба суралцахуйн үр дүнгүүдийн хоорондын хамаарлыг илэрхийлсэн матрицыг маш сайн боловсруулах шаардлагатай байдаг. Хэдийгээр суралцахуйн үр дүнгүүдийг сайн тодорхойлсон ч энэ матриц боловсруулагдаагүй бол суралцахуйн үр дүнгүүд нь нэр төдий уриа болж хувирна гэсэн үг юм.
Тиймээс олон улсын жишгээр сургалтын хөтөлбөрийн суралцахуйн үр дүн бүрийг сургалтын төлөвлөгөөнд байгаа ямар хичээлүүдээр оюутан эзэмшихийг хичээл тус бүрээр нь тодорхойлсон дээрх матрицыг заавал хийдэг.
Хичээлийн хөтөлбөр: Хичээлийн тухай ерөнхий мэдээллээс гадна хичээлийн сургалтын зорилго, хүрэх үр дүнгүүд, ерөнхий агуулга, сургах, суралцах үйл ажиллагааны хэлбэр, үнэлэх арга зүй зэрэг мэдээллүүдийг багтаасан баримт бичгийг хичээлийн хөтөлбөр гэж нэрлэдэг.
Хичээлийн хөтөлбөр нь сургалтын хөтөлбөрийн хамгийн чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд сургалтын хөтөлбөрөөр заагдах хичээлүүдийг зөв төлөвлөх, цаашлаад хөтөлбөрийн суралцахуйн үр дүнг оюутанд сайн эзэмшүүлэх гол үндэс болно. Уламжлалт сургалтын хөтөлбөр талаас харвал хичээлийн хөтөлбөр гэдэг ойлголтын цаана зөвхөн тухайн хичээлээр заагдах агуулга нь хамгийн том байр суурьтай байдаг. Харин ҮДСБ-ын тогтолцоонд шилжсэн сургалтын хөтөлбөр гэдэг талаас авч үзвэл хичээлийн хөтөлбөрийн хамгийн чухал бүрэлдэхүүн хэсэгт агуулгаас гадна тухайн хичээлээр эзэмших Хичээлийн Суралцахуйн Үр дүн(CLO), заах арга зүй, хүргэх хэлбэрүүд, үнэлгээний аргууд зэрэг багтах ба эдгээрийг хичээл доторхи бүлэг сэдэв бүрт харгалзуулан тодорхойлж хичээлийн хөтөлбөрт багтаах шаардлагатай байдаг.
Сургалт явуулах сурган заах арга зүй, хүргэх хэлбэр: Заах арга зүй буюу “Pedagogy” гэдэг нь “хүүхдийг сургахуй” гэсэн утгатай paidagogos гэсэн грек үгнээс гаралтай үг юм. Орчин үеийн боловсролын шинжлэх ухаанд энэ үгийг тайлбарлахдаа тухайн заах гэж буй мэдлэг, үйлийн төрөл, онцлогтой холбоотойгоор түүнийг бусдад үр бүтээлтэй заах тогтсон дүрэм журмыг “Pedagogy” буюу заах арга зүй гэж нэрлэнэ гэж тодорхойлсон байдаг.
Орчин үед бидний мэдэх уламжлалт сургалтын аргуудаас гадна идэвхитэй сургалтын олон шинэлэг аргуудыг өргөн хэрэглэж байна. Сургалтыг идэвхитэй хэлбэрээр явуулснаар суралцахуйн үр дүн дээшлэхээс гадна шинэ зууны суралцагчдын сэтгэл зүйн онцлогт илүү тохиромжтой.
Ийм ч учраас тухайн сургалтын хөтөлбөрийн онцлогт тохирсон заах арга зүй, хүргэх хэлбэрийг сургалтын хөтөлбөрийн баримт бичигт хавсарган тайлбарлаж, багш нарт санал болгодог жишиг байна.
Хүргэх хэлбэр гэдэг нь тухайн нэг сурган заах арга зүйн хүрээнд хичээлийн суралцахуйн үр дүнг оюутанд олгохын тулд сургалтын процессыг дэмжих, идэвхжүүлэхэд чиглэсэн, хичээл явуулах оновчтой хэлбэр юм.
Бидний өдөр тутам хэрэглэдэг лекц, семинар зэрэг нь хүргэх хэлбэрийн тухайн төрлүүд юм. Жишээ нь: Асуудал шийдвэрлэх чадварыг хөгжүүлэхийн тулд асуудалд суурилсан сургалтын заах арга зүйг ашиглаж байгаа гэж үзвэл тухайн хичээлийг семинар хэлбэрээр явуулах нь илүү оновчтой гэх мэтчилэн хичээлийн суралцахуйн үр дүнгүүд, заах арга зүйн төрлүүд болон хүргэх хэлбэрээ тухайн хичээлдээ тохируулан төлөвлөнө.
Сургалтын хөтөлбөрийн үнэлгээ, тасралтгүй сайжруулалт: Хөтөлбөрийн суралцахуйн үр дүнг оюутан хэр зэрэг түвшинд эзэмшсэнийг тодорхойлох зорилго бүхий хичээлийн болон сургалтын хөтөлбөрийн түвшинд хийгдэх үнэлгээг хэлнэ. Үнэлгээг тогтмол хийснээр дараах давуу талууд бий болно. Үүнд:
-
Хөтөлбөрөөр оюутны эзэмших мэдлэг, ур чадвар, хандлагыг оновчтой тодорхойлж чадна.
-
Хөтөлбөрийн болон хичээлийн суралцахуйн үр дүнгийн үнэлгээний үр дүнг харгалзан хөтөлбөр, хичээлийг сайжруулах боломж бүрдэнэ.
-
Хөтөлбөрт шаардлагатай шинэ хичээл нэмэх, хичээл хоорондын уялдааг сайжруулах зэргээр сургалтын хөтөлбөрийг илүү нийлмэл болгож сайжруулна.
Хөтөлбөрийн тасралтгүй сайжруулалтыг тухайн хөтөлбөрийн чанарын баталгаажуулалтын гол үндэс гэж ойлгож болно. Хөтөлбөрийн тасралтгүй сайжруулалттай холбоотой баримт нотолгоог харгалзах цаг хугацаанд нь бүрдүүлж албан ёсны тайлангийн баримт бичиг болгон авч үлддэг тогтолцоог хэрэгжүүлэх шаардлагатай. Тасралтгүй сайжруулалтыг суралцахуйн үр дүнгийн шатлалаас хамааруулан өөр өөр хугацааны давталттайгаар хийнэ.Тухайлбал хичээлийн түвшний суралцахуйн үр дүнгийн үнэлгээний үр дүнг үндэслэн тасралтгүй сайжруулалт хийх гэж байгаа бол улирал тутамд, хөтөлбөрийн түвшинд(PLOs) хийсэн үнэлгээний үр дүнгүүдийг үндэслэн тасралтгүй сайжруулалт хийх гэж байгаа бол жил тутамд гэх мэт төлөвлөнө.
1.2. Нийлмэл сургалтын хөтөлбөрийн онцлог шинж
Орчин үед сургалтын хөтөлбөрт нийлмэл гэсэн нэр томъёог ашиглаж байгаа бөгөөд энэ нь дараах байдлаар тодорхойлогдоно. “Суралцагчдад тухайн салбар чиглэлийн мэдлэгээс гадна хувь хүний, хувь хүн хоорондын харилцааны болон бүтээгдэхүүн, систем, үйл ажиллагаа бий болгох ур чадвар олгоход чиглэсэн харилцан уялдаатай хичээлүүдийг агуулсан сургалтын хөтөлбөр”-ийг нийлмэл сургалтын хөтөлбөр гэж нэрлэж байна.
Нийлмэл сургалтын хөтөлбөрийн онцлог шинж: Нийлмэл сургалтын хөтөлбөр нь дээр дурьдсан ҮДСБ-ын тогтолцоо бүхий сургалтын хөтөлбөрийн бүрэлдэхүүн хэсгийг агуулах боловч дараах онцлог шинжтэй. Үүнд:
-
Хөтөлбөрийн суралцахуйн үр дүнгийн жагсаалтад хувь хүний, хувь хүн хоорондын харилцааны болон бүтээгдэхүүн, үйл ажиллагаа, систем бий болгох ур чадварыг заавал багтаасан байна;
-
Тухайн хөтөлбөрт байгаа хичээл бүрийн суралцахуйн үр дүнд мэдлэгээс гадна ур чадвар, хандлага олгох үр дүнг заавал тусгасан байна;
-
Тухайн хөтөлбөрийн суралцахуйн үр дүн, мэргэжлийн чиглэлийн онцлогт нийцэх сурган заах арга зүйн үр дүнтэй, шинэлэг арга, хэлбэрийг сургалтын хөтөлбөрөөр дамжуулан багш нарт санал болгодог байна;
-
Сургалтын төлөвлөгөөнд хувь хүний, хувь хүн хоорондын харилцаа болон бүтээгдэхүүн, үйл ажиллагаа, систем бий болгох ур чадвар олгох тусгайлсан төслийн хичээлийг (3-4 хичээл) заавал багтаасан байна;
-
Сургалтын хөтөлбөрийн үнэлгээ болон тасралтгүй сайжруулалтыг хийх төлөвлөгөөг сургалтын хөтөлбөрийн баримт бичигт заавал багтааж хэрэгжүүлдэг байна;
-
Сургалтын хөтөлбөрийг боловсруулахад төгсөгчид, багшлах бүрэлдэхүүн, ажил олгогчид, хөтөлбөрийн мэргэжлийн зөвлөл зэрэг талуудыг заавал оролцуулдаг байна.
Эдгээр онцлог шинжийг тус бүрд нь товч тайлбарлая.
-
Хөтөлбөрийн суралцахуйн үр дүн талаас нь авч үзвэл суралцагчид зөвхөн мэдлэг эзэмших бус мэдлэгээ хэрэглэх ур чадвартай болгох үүднээс суралцахуйн үр дүнд гол гол практик ур чадвараас гадна хувь хүний болон харилцааны ур чадвар, хандлагыг багтаасан байх ёстой. Ингэснээр цогц чадамж буюу суралцахуйн үр дүнгийн хувьд нийлмэл шинж чанарыг агуулж чадна. Тухайлбал CDIO стандарт, арга зүйн хувьд нийлмэл сургалтын хөтөлбөрийн суралцахуйн үр дүнг томъёолоход ашиглах боломжтой мэдлэг, ур чадвар, хандлагыг илэрхийлэх суралцахуйн үр дүнгийн жишиг загварыг CDIO загварын 2-р стандартын дагуу тодорхойлсон байдаг. Зураг 1.2-д үзүүлснээр CDIO стандарт, арга зүй нэвтрүүлсэн хөтөлбөрөөр суралцагч нь тухайн салбар чиглэлийн мэдлэг эзэмшихээс гадна хувь хүн талаасаа хөгжих, нийгэмших, мөн аливааг бүтээх зэрэг ур чадвар, хандлагыг цогцоор нь эзэмших боломжтойгоор суралцахуйн үр дүнг тодорхойлсон байдаг.
Зураг 1.2. Нийлмэл сургалтын хөтөлбөрөөр суралцагч оюутны эзэмших мэдлэг, ур чадвар, хандлагын цогц
-
Хөтөлбөрийн суралцахуйн үр дүнд зөвхөн мэдлэг бус төгсөгчдөд шаардлагатай ур чадвар, хандлага багтсан байх ба эдгээрийг оюутан заавал эзэмшиж төгсөх ёстой. Сургалтын хугацаа, тэнд багтсан хичээлүүдийн багц цагийн хуваарилалт, агуулгын багтаамжаас хамаарч ур чадвар, хандлага талын үр дүнг тусгайлсан хичээлээр олгох боломж багатай учраас хичээл бүрд суралцахуйн үр дүнг зөв хуваарилах замаар энэ асуудлыг шийдэх боломжтой. Өөрөөр хэлбэл хичээл зааж байгаа багш бүр тухайн хичээлийн агуулгын дагуу тодорхой мэдлэг олгохоос гадна тэр мэдлэгийг олон нөхцөлд хэрэглэх ур чадвар, мөн хувь хүний болон харилцааны ур чадвар, хандлага олгоход хичээлийн суралцахуйн үр дүнг чиглүүлэх ёстой.
-
Тухайн хичээлээр оюутны эзэмших суралцахуйн үр дүн нь нийлмэл буюу мэдлэг, ур чадвар, хандлагаас тогтох учраас тухайн хөтөлбөрийн онцлогт тохирсон, орчин үеийн оюутнуудын сэтгэл зүйд нийцэх, тэднийг идэвхжүүлэх сурган заах арга зүйн үр дүнтэй, шинэлэг арга, хэлбэрийг сургалтын хөтөлбөрөөр дамжуулан багш нарт санал болгож, хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлсэн байх ёстой.
-
Төслийн хичээлийг сургалтын төлөвлөгөөнд заавал багтааснаар оюутан салангид хичээлүүдээр олж авсан онолын мэдлэг болон мэргэжлийн ур чадварыг нэг хичээл дээр том хэмжээний төсөл, асуудал шийдвэрлэх даалгавар гүйцэтгэж бататгах, тэдгээр мэдлэг, ур чадвараа хооронд нь холбож гүн гүнзгий ойлгох, хэрэглэж сурах, хажуугаар нь бичгийн болон аман харилцааны ур чадвартай болох гэх мэтээр нийлмэл сургалтын хөтөлбөрийн олон талт суралцахуйн үр дүнг бүрэн эзэмших боломж бүрддэг. Олон улсад нийлмэл сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж буй жишгээр оюутан элссэн эхний жил мэргэжлийн удиртгал хичээлийг заавал судалдаг ба ингэснээр шинэ элсэгчид мэргэжлээ гүн, гүнзгий ойлгох, мэргэжилдээ дурлах, тодорхой бүтээлч даалгаварыг багаар гүйцэтгэн бүтээлч, багаар ажиллах сэтгэхүйтэй болж эхлэх, өөрийн мэргэжлийн онцлогыг ойлгох, мэргэжлийнхээ ёс зүйг ухамсарлах зэрэг ур чадвар, хандлагыг эзэмшдэг. Энэ хичээлийн залгамж болгож хэд хэдэн төслийн хичээлийг хөтөлбөрт суулгаж өгснөөр олон талт суралцахуйн үр дүнг оюутанд эзэмшүүлэх боломж бүрддэг. CDIO стандарт, арга зүйн хувьд нийлмэл сургалтын хөтөлбөрт төслийн хичээлүүдийг тусгах, хэрэгжүүлэх боломжийг 4(Инженерийн удиртгал), 5(Зохион бүтээх төслийн хичээлүүд), 6(Инженерийн урлан) стандартаар тус тус тодорхойлж өгсөн байдаг.
-
Нийлмэл сургалтын хөтөлбөрийн дараагийн чухал онцлог нь сургалтын хөтөлбөрийн үнэлгээ болон тасралтгүй сайжруулалт хийх төлөвлөгөөг сургалтын хөтөлбөрийн баримт бичигт тусган хэрэгжүүлдэг ба ингэснээр хөтөлбөрөөр төгсөн гарах төгсөгчдийн чанарыг үнэлэх, сайжруулах механизм бүрддэг. Хөтөлбөрийн үнэлгээ болон тасралтгүй сайжруулалт хийх төлөвлөгөөнд сургалтын хөтөлбөрийн чанарын үнэлгээг аль аль түвшинд, ямар аргуудаар, ямар хугацааны давтамжтайгаар хийх, тухайн үнэлгээ тус бүрийг хэрхэн зохион байгуулах, боловсруулах, хэрэгжүүлэх талын мэдээллийг дэлгэрэнгүй тусгадаг. CDIO стандарт, арга зүйн 11, 12-р стандартыг хэрэгжүүлснээр сургалтын хөтөлбөрийн бүх шатанд чанарын үнэлгээ хийх, тасралтгүй сайжруулах боломж бүрддэг.
-
Сургалтын хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэхэд төгсөгчид, багшлах бүрэлдэхүүн, ажил олгогчид, хөтөлбөрийн мэргэжлийн зөвлөл зэрэг гол гол талыг татан оролцуулснаар сургалтын хөтөлбөрийн суралцахуйн үр дүнг оновчтой тодорхойлох, улмаар төгсөгчдийн чанарт бодит үнэлэлт, дүгнэлт өгөх, цаашлаад сургалтын хөтөлбөрийн өөрчлөлт, шинэчлэлтийг цаг алдалгүй оновчтой хийх зэрэг давуу тал бий болдог.
Сургалтын хөтөлбөрийн нийлмэл шинж чанарыг илэрхийлэх хамгийн гол үзүүлэлт бол оюутны эзэмших суралцахуйн үр дүн талаасаа хөтөлбөрт байгаа хичээлүүд өөр хоорондоо нягт уялдаатай байхаас гадна мэдлэгийг ур чадвар болгох цөм хичээл, төслийн хичээлийг хэрэгтэй цагт нь судлах боломж бүрдсэн байх ёстой.
Уламжлалт сургалтын хөтөлбөрийн бүтэц, төлөвлөлтийг харахад оюутнууд 1 ба 2-р курст маш олон хичээлээр онолын мэдлэг эзэмшиж байгаа хэдий ч ахлах курс хүртэл эдгээр онолын мэдлэгээ бараг хэрэглэхгүй байгаа учраас хоосон мэдлэгээс цаашгүй, практик ур чадваргүй төгсөгч гарах нөхцөл үүсдэг. Иймээс зураг 1.3-д үзүүлсэн байдлаар оюутан эхний курсээсээ эхлэн хичээлээр олж авсан мэдлэгээ төсөл, асуудал шийвэрлэх даалгавар гүйцэтгэх замаар практик ур чадвар болгох, улмаар хувь хүний болон харилцааны ур чадвар, хандлагыг эзэмших боломжтой байх ёстой.
1-р курст тухайн мэргэжлийн удиртгал хичээлийг заавал судлах, энэ хичээлийн асуудал шийдвэрлэх даалгавар, бичил төслийн хүрээнд дээд боловсролын суурь хичээлийн мэдлэгээ хэрэглээ болгох ёстой.
2, 3-р курст төслийн хичээл судлах замаар дээд боловсролын суурь болон мэргэжлийн суурь хичээлээр олж авсан мэдлэгээ хэрэглээ болгох боломж бүрдсэн байх ёстой. Мөн хичээлүүд өөр хоорондоо агуулга, суралцахуйн үр талаасаа нягт уялдсан байх хэрэгтэй.
Ахлах курст дадлага, дипломын төслөөр бие дааж асуудал шийдвэрлэх даалгавар гүйцэтгэх, бодит хэрэгцээнд тулгуурласан бүтээгдэхүүн, үйл ажиллагаа, систем бий болгох ур чадвар эзэмших ёстой.
Оюутан ингэж шат дараалан төсөл, томоохон даалгавар гүйцэтгэх замаар суралцах хугацаанд олж авсан мэдлэгээ хэрэглэх ур чадвар эзэмшихээс гадна хандлага талын олон чадвараа хөгжүүлэх нөхцөл бүрдүүлсэн хөтөлбөрийг нийлмэл сургалтын хөтөлбөр хэмээн тодорхойлох боломжтой.
Зураг 1.3. Нийлмэл сургалтын хөтөлбөрийн бүтцийн загвар
Сургалтын хөтөлбөрөөр оюутанд хувь хүний болон харилцааны хандлага, ур чадвар эзэмшүүлэхэд онцгой анхаарах ёстой. Уламжлалт хөтөлбөрт энэ асуудлын төдийлэн анхаардаггүй буюу хөтөлбөрт байгаа нийгэм, хүмүүнлэгийн чиглэлийн цөөн хичээлээр олгох ёстой гэж үзсээр ирсэн. Тэгвэл нийлмэл сургалтын хөтөлбөрийн хувьд оюутан суралцах хугацаандаа мэргэжлийн хичээлээр дамжуулан эдгээр ур чадвар, хандлагаа хөгжүүлэх боломж бүрдсэн байх ёстой. Зураг 1.4-д үзүүлсэн хараар будагдсан хэсэг нь шинжлэх ухааны мэдлэгийг, ташуу шугамтай хэсэг нь мэргэжлийн ур чадвар, хандлагыг илэрхийлнэ. Суралцах хугацаа зүүнээс баруун тийш үргэлжлэнэ гэж үзвэл оюутанд мэдлэг, ур чадвар, хандлагыг хамтад нь эзэмшүүлэх 3 хувилбар байж болно.
Зураг 1.4 Сургалтын хөтөлбөрийн бүтцийн хувилбар
Хувь хүний, хувь хүн хоорондын харилцааны болон бүтээгдэхүүн, үйл ажиллагаа, систем бий болгох ур чадвар, хандлагыг шинжлэх ухааны мэдлэг олгох хичээлийн суралцахуйн үр дүнд багтаан эзэмшүүлэх хувилбар (a) бөгөөд энэ бүтцийг нэгдмэл загвар гэж нэрлэдэг.
Харин хувь хүний, хувь хүн хоорондын харилцааны болон бүтээгдэхүүн, үйл ажиллагаа, систем бий болгох ур чадвар, хандлага болон шинжлэх ухааны мэдлэг нь тус тусдаа өөр өөр хичээлээр, хугацааны хувьд зэрэг заагдахаар сургалтын төлөвлөгөөнд тусгаж болох ба үүнийг нэгдмэл зэрэгцээ загвар(б) гэж нэрлэнэ.
Шинжлэх ухааны мэдлэг олгох сургалтаа эхэлж явуулаад дараа нь хувь хүний, хувь хүн хоорондын харилцааны болон бүтээгдэхүүн, үйл ажиллагаа, систем бий болгох ур чадвар, хандлагыг хөгжүүлэх сургалт явуулах хувилбар(с) байж болно.
Эдгээр хувилбарын аль алийг нь хэрэглэж болох хэдий ч (а) хувилбар буюу мэргэжлийн чиглэлийн хичээлд эдгээр ур чадвар, хандлага эзэмшүүлэх үйл ажиллагааг нэгтгэх нь хамгийн үр өгөөж хэлбэр гэж үздэг. Мөн эдгээр хувилбарыг бүгдийг тухайн хөтөлбөрт хэрэглэхээр төлөвлөж чадвал илүү үр дүнтэй хөтөлбөр болох болно.
Зураг 1.5-аас сургалтын хөтөлбөрт байгаа цөм эсвэл төслийн хичээлээр дамжуулан оюутанд хувь хүн хоорондын харилцааны болон бүтээгдэхүүн, үйл ажиллагаа, систем бий болгох ур чадвар, хандлагыг хэрхэн эзэмшүүлж болох жишээг харж болно.
Энэ нь дээр өгүүлсэн (б) хувилбар бөгөөд тухайн улиралд эсвэл хичээлийн жилд судалсан хичээлийн мэдлэгээ төсөл гүйцэтгэх явцад хэрэглэх, хөтөлбөрийн суралцахуйн үр дүнд байгаа төлөвлөсөн ур чадвар, хандлагыг эзэмших боломж олгоно.
Зураг 1.5. Нийлмэл сургалтын хөтөлбөрөөр олон талт ур чадвар, хандлага олгох төлөвлөлтийн жишээ
1.3. Сургалтын хөтөлбөрт тавигдах гол шаардлага
Аливаа сургалтын хөтөлбөрийг шинээр болон шинэчлэн боловсруулахдаа нийлмэл сургалтын хөтөлбөрийн шаардлагыг хангахын зэрэгцээ сургалтын хөтөлбөрийн бүрэлдэхүүнд ордог бүх хэсгийг нарийн тодорхойлж, уялдаа холбоог нь гаргах хэрэгтэй.
Хэрвээ энэ бүх ажлыг өндөр түвшинд хийж чадвал үр дүнд суурилсан боловсролын шаардлагад нийцэх нийлмэл сургалтын хөтөлбөр боловсруулагдана гэсэн үг юм.
Үр дүнд суурилсан боловсролын зарчмаар сургалтын хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэхдээ дараах шаардлагыг гол болгон авч үзэх ёстой. Үүнд:
-
Технологийн хөгжлийн чиг хандлага; хөтөлбөр, мэргэшлийн зах зээлийн эрэлт хэрэгцээ; улс орны урт хугацааны хөгжлийн бодлоготой тус тус уялдуулан хөтөлбөрийн боловсролын зорилт, суралцахуйн үр дүнг тодорхойлсон байх;
-
Сургалтын төлөвлөгөөнд байгаа хичээл бүрийн суралцахуйн үр дүнг хөтөлбөрийн суралцахуйн үр дүнтэй уялдаатайгаар тодорхойлж, хичээлийг суралцахуйн үр дүн, заахуйн болон суралцахуйн арга хэлбэр, сургалтын үнэлгээ талаас нь нарийн төлөвлөсөн байх;
-
Суралцагч төвтэй сургалтын онол, арга зүйг хичээл бүрд өргөн хэрэглэхээр төлөвлөж, хэрэгжүүлсэн байх;
-
Нэгж хичээлээс эхлээд хөтөлбөрийн түвшинд хүртэл суралцахуйн үр дүнгийн хүрсэн түвшинг үнэлж тогтоох, тасралтгүй сайжруулах тогтолцоог бүрдүүлсэн байх; өөрийн үнэлгээг тодорхой төлөвлөлтийн дагуу тогтмол хийж хэвшсэн байх;
-
Ажил олгогч, төгсөгч, суралцагч зэрэг хөтөлбөр хэрэгжүүлэхэд оролцогч талыг хөтөлбөр төлөвлөлт, чанарын үнэлгээ, тасралтгүй сайжруулах үйл ажиллагаанд байнга татан оролцуулдаг тогтолцоог бий болгож хэвшүүлсэн байх;
Эдгээр шаардлага хөтөлбөр боловсруулалт болон хэрэгжүүлэлтийн үйл ажиллагаанд хэр зэрэг тусаж, хэрэгжсэнээс хамаарч сургалтын чанар, үр дүн тодорхойлогдоно.
ХОЛБООТОЙ СЭДВҮҮД:
1. СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРТ ТАВИГДАХ ҮНДСЭН ШААРДЛАГА
2. ДОТООД, ГАДААДАД СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР МАГАДЛАН ИТГЭМЖЛҮҮЛЭХЭД ТАВИГДАХ ШАЛГУУР, ШААРДЛАГА
3. ҮР ДҮНД СУУРИЛСАН БОЛОВСРОЛЫН CDIO СТАНДАРТ, АРГА ЗҮЙН ШАЛГУУР, ШААРДЛАГА
4. СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙГ ДОТООДЫН БОЛОН ОЛОН УЛСЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛД БЭЛТГЭХ АРГА ЗҮЙ