3. ҮР ДҮНД СУУРИЛСАН БОЛОВСРОЛЫН CDIO СТАНДАРТ, АРГА ЗҮЙН ШАЛГУУР, ШААРДЛАГА

  1.  

3.1. CDIO стандарт, арга зүйн жишиг суралцахуйн үр дүнгийн жагсаалт

3.2. CDIO стандарт, арга зүйн жишиг суралцахуйн үр дүнгүүдийг ашиглан Хөтөлбөрийн Суралцахуйн Үр дүн тодорхойлох нь

3.3. CDIO стандарт


3.1. Үр дүнД Суурилсан БоловсролЫН CDIO стандарт, арга зүйн шалгуур шаардлага

CDIO стандарт, арга зүй нь анх инженер, технологийн боловсролд зориулан гарсан хэдий ч 2019 оны 1-р сарын байдлаар дэлхийн 150 гаруй их, дээд сургууль зөвхөн инженер, технологи төдийгүй бусад олон салбар чиглэлийн хөтөлбөрүүдэд өргөн ашиглаж байна.

CDIO стандарт, арга зүй нь үндсэн 2 бүрэлдэхүүн хэсэгтэй.

  • CDIO үр дүнгийн жагсаалт буюу суралцахуйн жишиг үр дүн(CDIO Syllabus): Энэ нь урьдчилан тодорхойлсон жишиг суралцахуйн үр дүнгийн жагсаалт бөгөөд тухайн хөтөлбөрийн суралцахуйн үр дүн(PLO)-г тодорхойлох үндэс суурь болно.
  • CDIO стандартууд(CDIO Standards): Энэ нь үр дүнд суурилсан боловсролын хөтөлбөр боловсруулах, сургалтын орчинг бэлтгэх, сургалтын үйл ажиллагааг зохион байгуулах, сургагч багш нарын мэргэжлийг дээшлүүлэх, сургалтын явцын болон эцсийн үр дүнг үнэлэхэд чиглэсэн багц стандарт юм.

Тухайн сургалтын хөтөлбөрт CDIO стандарт, арга зүйг нэвтрүүлэхдээ урьдчилан тодорхойлсон жишиг суралцахуйн үр дүнгийн жагсаалт(CDIO syllabus)-ыг өөрийн хөтөлбөрт тохируулан гаргах, зэрэгцүүлээд CDIO стандартыг тухайн сургалтын хөтөлбөрт хэрхэн хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулна гэсэн үг юм.

    1. CDIO стандарт, арга зүйн жишиг суралцахуйн үр дүнгийн жагсаалт

Энэ нь тодорхой судалгаанд үндэслэн урьдчилан тодорхойлж, туршилтаар баталгаажуулсан, оюутны зэмших мэдлэг,  ур чадвар, хандлага(KSA-Knowledge, Skills and Attitudes)-ын жагсаалт юм. 2011 онд анхны хувилбар болох “CDIO syllabus v1.0” гарсан бөгөөд дэлхийн олон орны 100 гаруй хөтөлбөрт ашиглаж ирсэн бол 2011 онд шинэчилэгдэн сайжруулсан хувилбар болох “CDIO syllabus v2.0” гарчээ.  “CDIO syllabus v2.0”-д суралцахуйн үр дүнгийн жагсаалтыг үндсэн 4 хэсэгт ангилсан байдаг ба хэсэг тус бүрд x(1)-түвшин, хх(1.1)-түвшин, ххх(1.1.1)-түвшин, хххх(1.1.1.1)-түвшин гэх мэт шаталсан байдлаар нарийвчлан тодорхойлсон байдаг. Тухайлбал суралцахуйн үр дүнгийн жагсаалтыг хх-түвшинд хэрхэн задлан үзүүлсэн ба ххх-түвшин, хххх-түвшин хэрхэн тодорхойлогдохыг загвар болгон доор харууллаа.

CDIO загварын 2-р түвшний  суралцахуйн үр дүнгийн жагсаалт:

1.Салбар чиглэлийн мэдлэг, сэтгэлгээ /х-түвшин/(Learning to know)

  1.  Математик, шинжлэх ухааны үндсэн суурь мэдлэг /хх-түвшин/

1.1.1.......................... /ххх-түвшин/

1.1.1.1.................... /хххх-түвшин/

    1.  Инженерийн цөм суурь мэдлэг/
    2.  Ахисан түвшний инженерийн суурь мэдлэг, аргууд, хэрэгсэлүү

2. Хувь хүний болон мэргэжлийн чадварууд, онцлог шинжүүд(Learning to be)

2.1 Шинжлэн судлах, асуудал шийдвэрлэх чадвар

2.2 Туршилт, судалгаа хийх, мэдлэг бүтээх чадвар

2.3 Системтэйгээр сэтгэн бодох чадвар

2.4 Хувь хүний хандлага, санаа бодол, суралцахуйн чадвар

2.5. Ёс зүй, шударга зарчим байдал, бусад үүрэг хариуцлагууд

3. Хувь хүн хоорондын харилцааны чадварууд/Багаар ажиллах ба харилцах/(Learning to live together)

3.1 Багаар ажиллах чадвар

3.2 Харилцааны ур  чадвар

3.3. Гадаад хэлээр харилцах чадвар

4. Байгууллага, нийгэм, хүрээлэн буй орчны нөхцөл байдлаас хамаарсан инновацийн үйл ажиллагааны хувьд аливаа системийг сэтгэх, зохиох, бүтээх, хэрэглэх чадварууд(Learning to do)

4.1 Гадаад орчин, нийгэм ба хүрээлэн буй орны нөхцөл байдал

4.2 Байгууллага, бизнесийн нөхцөл байдал

4.3 Сэтгэх, системийн инженерчлэл ба менежмент

4.4 Зохиох

4.5 Бүтээх

4.6 Хэрэглэх

4.7. Манлайлал

4.8. Интерпренершип

Энэхүү суралцахуйн үр дүнгийн шаталсан зарчмыг дурын сургалтын хөтөлбөрт хэрэглэх боломжтой. Түвшинт загвар нь тухайн хөтөлбөрт дараах байдлаар ашиглагдана. Үүнд:

  • “x-түвшин”: Суралцахуйн үр дүнгийн жагсаалт нь хөтөлбөрийн боловсролын зорилт(PEO)-ыг тодорхойлоход чиглэгдэнэ.
  • “xх-түвшин”: Суралцахуйн үр дүнгийн жагсаалт нь үндэсний стандарт, дотоодын болон гадаадын магадлан итгэмжлэлийн шалгуурт заасан тухайн хөтөлбөрийн сургалтаар оюутны эзэмших мэдлэг, ур чадвар, хандлагын дэлгэрэнгүй жагсаалттай дүйнэ. Тухайлбал ABET-ийн магадлан итгэмжлэлийн 3-р шалгуур буюу сургалтын 11 үр дүн(Student outcomes) энд хамаарна.
  • ххх-түвшин ба хххх-түвшин:  Энд оюутны эзэмших мэдлэг, ур чадвар, хандлагын илүү нарийвчилсан жагсаалт хамаарна. Тодруулбал ххх-түвшин нь хөтөлбөрийн суралцахуйн үр дүнгийн жагсаалтыг дэлгэрэнгүй тодорхойлох бол, хххх-түвшин нь хөтөлбөрт байгаа тухайн хичээлийн хувьд суралцахуйн үр дүнг тодорхойлж өгнө.

CDIO загварын жишиг суралцахуйн үр дүнгийн баталгаажуулалт:

2001 онд CDIO загварын жишиг суралцахуйн үр дүнгийн анхны хувилбарыг гаргахдаа боловсролын чиглэлийн судалгааны арга техникийг бүтээгдэхүүн хөгжүүлэлтэд хэрэглэгчийн хэрэгцээг тодорхойлох аргатай хамтад нь ашигласан байдаг. Энд тодорхой бүлгийн хүрээнд хэлэлцүүлэг хийх, баримт бичгийн судалгаа хийх, тандан судалгаа хийх, гарцаарчилсан уулзалт хийх зэрэг аргуудыг ашигласан. Дараах 4 бичиг баримтад дүн шинжилгээ хийж ажил олгогчдоос санал асуулга авах, шинжээчдээр хянуулах зэрэг үе шаттай ажлыг зохион байгуулах замаар анхны хувилбарын агуулгыг гаргаж ирсэн. Үүнд: ABET магадлан итгэмжлэлийн байгууллагын шалгуур, Бойнгоос гаргасан инженерүүдийн онцлог шинж болон Массачусетийн технологийн институтаас гаргасан 2 баримт бичгийг тус тус ашигласан байдаг. Мөн оролцогч талаас авсан санал асуулгаар жишиг суралцахуйн үр дүнг зохион байгуулалт, хамрах хүрээ талаас нь сайжруулалт хийсэн. Үүнээс гадна хэд хэдэн шинжээчид 2-р түвшний жишиг суралцахуйн үр дүнг хянан сайжруулсан байна. Ингэж CDIO загварын жишиг суралцахуйн үр дүнгийн анхны хувилбарыг бий болгожээ.

2010 онд 2-р хувилбарыг гаргахдаа дээрхитэй ижил үйл ажиллагаа явуулсан байна. Тодруулбал Английн мэргэжлийн инженерийн чадамжийн стандарт, Дублины тодорхойлогч, Шведийн үндэсний инженерийн шаардлага болон ABET, Канадын CEAB, Европын EUR-ACE зэрэг магадлан итгэмжлэлийн байгууллагын шалгуур зэрэг бичиг баримтыг харьцуулан судалсан байна.

Ингэж олон бичиг баримттай харьцуулах, хэрэглэгчийн саналыг тусгах замаар хаягдсан байсан шаардлагатай ур чадварыг багтаасан, үндэсний стандартад нийцсэн, илүү нарийн, тодорхой CDIO суралцахуйн үр дүнгийн 2 дахь хувилбарыг бий болгосон байна. Жишээ нь CDIO суралцахуйн үр дүнгийн жишиг загвар нь ABET магадлан итгэмжлэлийн байгууллагын инженерийн чиглэлийн 3-р шалгууртай хэрхэн уялдсаныг авч үзье. Хүснэгт 3.1-д үзүүлснээр ABET байгууллагын инженерийн чиглэлийн магадлан итгэмжлэлийн (a-k) хүртэл бүх шалгуур буюу суралцахуйн үр дүн нь CDIO загварын суралцахуйн үр дүнд багтсан төдийгүй зарим талаар илүү дэлгэрэнгүй тодорхойлогдсон байна. Тухайлбал магадлангийн шалгуурт CDIO загварын “системтэй сэтгэлгээ(2.3)”  үр дүн байхгүй байна. Магадлангийн (3i) шалгуурт зөвхөн “насан туршдаа суралцахыг эрмэлзэх чадвар” гэж заасан бол CDIO загварын “Хандлага, бодол санаа, суралцахуй(2.4)” үр дүнд “санаачлагатай, тууштай байдал, бүтээлч ба шүүмжит сэтгэлгээний ерөнхий хэлбэр, өөрийгээ таньж мэдэх, насан туршдаа суралцах, цаг хугацааг төлөвлөх” зэрэг дэлгэрэнгүй үр дүнг багтаасан байна. Магадлангийн шалгуурын (3f) хэсэгт “мэргэжлийн болон ёс зүйн хариуцлагаа ухамсарлан ойлгох” гэж заасан бол CDIO загварын (2.5)-д “Ёс зүй, шударга байдал, бусад хариуцлагууд” гэж тодорхойлсон байна. ABET-ийн шалгуурт бусад бичиг баримттай харьцуулахад бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн циклийг 3(c) хэсэгт “Эдийн засаг, хүрээлэн байгаа орчин, нийгэм, улс төр, ёс зүй, эрүүл мэнд ба аюулгүй ажиллагаа, үйлдвэрлэл, тогтвортой байдал зэрэг бодит шаардлагаас урган гарах тухайн хэрэгцээнд нийцсэн үйл ажиллагаа, бүрэлдэхүүн хэсэг эсвэл системийг зохиох” гэж тодорхойлсон нь CDIO загварын “Сэтгэх, системийн инженерчлэл ба менежмент (4.3)” үр дүнтэй ерөнхий байдлаар тохирч байна. Мөн “үйл ажиллагаа, бүрэлдэхүүн хэсгийг зохиох” үр дүнг CDIO загварын “Зохиох(4.4)” үр дүнтэй, “үйлдвэрлэл, тогтвортой байдалтай уялдуулан... зохиох” үр дүнг CDIO загварын “бүтээх(4.5), хэрэглэх(4.6)” үр дүнтэй тодорхой хамааралтай гэж үзэж болно.

Энэ мэтээр олон үр дүнгийн хооронд ялгаа байгааг, CDIO загварын үр дүн илүү нарийн, дэлгэрэнгүй тодорхйлогдсоныг харж болно. Ерөнхийдээ CDIO загварын суралцахуйн үр дүнг ABET-ийн магадлангийн шалгууртай харьцуулахад үндсэн болон туслах чанартай 2 давуу тал байна. Үүнд:

  • Туслах чанарын давуу тал: Орчин үеийн инженерийн үйл ажиллагаатай илүү сайн уялдаж оновчтой зохион байгуулагдсан. Энэ зохион байгуулалт нь өөрчлөлтийг хэрхэн хэрэгжүүлэх талаар ойлголт өгөхгүй ч гэлээ өөрчлөх шалтгааны талаар илүү сайн ойлголт өгнө.
  • Үндсэн давуу тал: CDIO суралцахуйн үр дүн нь 4-р түвшин хүртэл илүү дэлгэрэнгүй тодорхойлогдож чадсан учраас сургалтын хөтөлбөр боловсруулах, хичээлийн түвшинд үр дүнг тодорхойлох, үнэлэхэд илүү тохиромжтой өгөөжтэй болж чадсан.

Хүснэгт 3.1. CDIO загварын суралцахуйн үр дүн ба ABET-ийн инженерийн хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн 3-р шалгуурын хамаарал

​​​​​​​Энэ мэтээр олон орны магадлан итгэмжлэлийн байгууллагын суралцахуйн үр дүнгийн шалгуур болон үндэсний стандартуудтай CDIO загварын жишиг суралцахуйн үр дүнг харьцуулсан байдаг.

CDIO загварын суралцахуйн үр дүнгийн давуу талыг илүү тодорхой харуулах үүднээс инженерийн 5 өөр мэргэшилд шаардагдах ерөнхий ур чадваруудыг тодорхойлсон байдаг. Эдгээр 5 мэргэшилд бүгдэд нь хамаарах ерөнхий ур чадварууд нь: Шинжлэн судлах, асуудал шийдвэрлэх(2.1), Системтэй сэтгэлгээ(2.3), Хувь хүний хандлага, санаа бодол, суралцахуйн чадвар(2.4), Ёс зүй, шударга зарчим байдал, бусад үүрэг хариуцлагууд(2.5), Багаар ажиллах(3.1), харилцах(3.2), Гадаад хэлээр харилцах(3.3), Гадаад орчин, нийгэм ба хүрээлэн буй орны нөхцөл байдал(4.1) зэрэг болно. Эдгээр ерөнхий ур чадвар болон хувь хүний авъяас, сонирхол дээр тулгуурлан инженерийн чиглэлийн мэргэшлийн чиглэл бий болно. Зураг 3.1-д мэргэшлийн чиглэлүүд, эдгээрт хамаарах CDIO загварын жишиг суралцахуйн үр дүнг тус тус үзүүлэв. Зурагт үзүүлснээр ерөнхий ур чадвараас гадна туршилт, судалгаа хийх, мэдлэг бүтээх чадварыг сайн эзэмшсэн төгсөгч ирээдүйд судлаачаар ажиллавал илүү үр дүнтэй байх жишээтэй. Бодит байдал дээрх бүх чадварыг бүрэн төгс эзэмшсэн төгсөгч бараг байхгүй, харин аль нэг чиглэлд эсвэл хэд хэдэн чиглэлийг хослуулан ажиллах чадвартай байх нь ойлгомжтой. Гэхдээ орчин үеийн инженерийн боловсролын чиг хандлага, шаардлагын дагуу төгсөгч илүү хөрвөх чадвартай байх ёстой учраас аль аль чиглэлд ажиллах чадвартай байхыг эрмэлзэх хэрэгтэй.

Зураг 3.1. CDIO загварын жишиг суралцахуйн үр дүнтэй уялдуулан тодорхойлсон инженерийн мэргэшлийн чиглэл


​​​​​​​3.2. CDIO загварын жишиг суралцахуйн үр дүнг ашиглан PLOs тодорхойлох нь

CDIO загварын жишиг суралцахуйн үр дүн нь оюутан тухайн хөтөлбөрөөр суралцаж төгсөх үедээ ямар ямар мэдлэг, ур чадвар, хандлагыг ямар түвшинд эзэмшсэн байхыг илэрхийлэх загвар үр дүн юм.

Энэ загвар үр дүнг тухайн хөтөлбөрийн суралцахуйн үр дүн болгон хөрвүүлэхийн тулд тухайн хөтөлбөрийн зорилго зорилттой уялдуулах, ажил олгогчдоор баталгаажуулах ёстой. Өөрөөр хэлбэл CDIO загварын суралцахуйн үр дүнгийн жагсаалтад байгаа мэдлэг, ур чадвар, хандлага талын үр дүнг хөтөлбөрийн суралцахуйн үр дүн болгон хөрвүүлэх, хөрвүүлэн гаргаж ирсэн үр дүнг оюутан ямар түвшинд эзэмших ёстойг тодорхойлно гэсэн үг юм.

Энэ үйл ажиллагааг зураг 3.2-д үзүүлсэн байдлаар хэрэгжүүлнэ. Зурагт үзүүлсэн үйл ажиллагааг тайлбарлавал:

  • CDIO загварын суралцахуйн үр дүнгийн 2-р хувилбарыг тухайн сургууль болон хөтөлбөрийн үзэл баримтлалтай уялдуулан сайжруулах, өөрчлөх
  • Ажил олгогчид, багшлах бүрэлдэхүүн, оюутнууд, төгсөгчид гэх мэт гол гол оролцогч талыг тодорхойлох
  • Оролцогч талын хэрэгцээ шаардлага, санаа бодлыг тодорхойлох, нэгтгэх (энэ зорилгоор санал асуулга авах, уулзалт хэлэлцүүлэг зохиох гэх мэт)
  • Оролцогч талын өгсөн санал, зөвлөмжийг боловсруулах, багшлах бүрэлдэхүүний хүрээнд хэлэлцүүлэх(Эндээс ямар үр дүнг төлөвлөх, тэдгээрийг ямар түвшинд эзэмшихийг тодорхойлно)
  • Үр дүнг ямар түвшинд эзэмших, аль үр дүн илүү чухал болохыг дээр тодорхойлсны дараа сургалтын үйл ажиллагаа ба үнэлгээтэй холбоотойгоор суралцахуйн үр дүнгийн хэлбэрт буулгана.

Зураг 3.2. CDIO загварын жишиг суралцахуйн үр дүнг ашиглан PLOs тодорхойлох загвар

Эдгээр 5 үйл ажиллагааг тус тусад нь дэлгэрэнгүй тайлбарлая.

CDIO загварын суралцахуйн үр дүнгийн 2-р хувилбарыг тухайн сургууль болон хөтөлбөрийн үзэл баримтлалтай уялдуулан сайжруулах, өөрчлөх: CDIO загварын жишиг суралцахуйн үр дүнг тухайн хөтөлбөрт тохируулан өөрчлөх нь сургууль, хөтөлбөрийн алсын хараа, зорилго зорилттой уялдуулах, дотоод гадаадын магадлангийн байгууллагын шалгуур болон үндэсний стандарттай уялдуулах талаасаа чухал ач холбогдолтой. CDIO загварын жишиг суралцахуйн үр дүнгийн 1-р хэсэг хөтөлбөр бүрээр ялгаатай байх учраас заавал өөрчлөгдөнө. Харин 2-оос 4-р хэсгийн үр дүнг бүхлээр нь юмуу хэсэгчилсэн байдлаар хөтөлбөртөө тохируулан өөрчилж болно. Ингэж өөрчлөхдөө үгийн сонголт, агуулга талд маш сайн анхаарах ёстой. Учир CDIO загварын жишиг суралцахуйн үр дүнг гаргахад олон судлаачид маш сайн ажиллаж, үр дүн бүрийн хувьд ялгааг нь тодорхойлж гаргасан байдаг. Гэтэл зарим тохиолдолд хөтөлбөртөө тохируулан өөрчлөх үед үр дүн хоорондын ялгааг сайн ойлгоогүйгээс 2-оос 4-р хэсгийн үр дүнгүүд өөр хоорондоо холилдох, уусах дутагдал гардаг.

Жишээ нь “Ёс зүй, шударга байдал, хариуцлага(2.5.1)” үр дүн нь ёс зүйн асуудлын тухай байдаг бол  4.1.1-ээс 4.1.3-д тодорхойлсон  үр дүнгүүд нь нийгэм  дэхь инженерийн үүрэг хариуцлагын тухай байдаг. Гэтэл ихэнх салбар, тэнхим хөтөлбөртөө эдгээрийн ялгааг тодорхой гаргаж чаддаггүй.

Хөтөлбөрөөр олгох мэдлэг, сэтгэлгээ талын үр дүн өмнө нь тодорхойлогдсон байдаг боловч 2-оос 4-р хэсгийн үр дүнг хөтөлбөртөө тохируулан тодорхойлох үед эдгээр үр дүнтэй холбоотойгоор 1-р хэсгийн үр дүн буюу мэдлэг, сэтгэлгээ талын үр дүнд өөрчлөлт оруулах шаардлага гарч болохыг анхаарах хэрэгтэй.

CDIO загварын жишиг суралцахуйн үр дүнг өөрийн хөтөлбөрт тохируулан өөрчлөхдөө хөтөлбөрийн салбар чиглэлээс хамаарч 4-р хэсгийн аливаа бүтээгдэхүүн, систем, үйл ажиллагаа бий болгох ур чадварыг тохирох нэр томъёогоор нь илэрхийлэх хэрэгтэй. Жишээ нь барилга архитекторын чиглэлд сэтгэх(conceive) чадварыг програмчлах(programming) гэж тодорхойлох бол програм хангамжийн чиглэлд бүтээх(Implementing) ур чадвар нь програмчлах(programming) гэж тодорхойлогдох жишээтэй.  

Ажил олгогч, багшлах бүрэлдэхүүн, оюутнууд, төгсөгчид гэх мэт гол гол оролцогч талыг тодорхойлох: CDIO загварын жишиг суралцахуйн үр дүнг хөтөлбөртөө тохируулан өөрчилсний дараах үйл ажиллагаа нь хөтөлбөр хэрэгжүүлэхэд оролцогч талуудын саналыг харгалзан хөтөлбөрт тохируулсан CDIO суралцахуйн үр дүн бүрийн ач холбогдол буюу оюутан ямар түвшинд эзэмшсэн байхыг тодорхойлох үйл ажиллагаа байна. Энэ үйл ажиллагаа санал асуулгаар тодорхойлогдох ба санал асуулгыг аль болох ойлгомжтой бэлтгэх хэрэгтэй. Оролцогч талд төгсөгчдийг заавал багтаах ба тэднээс сургууль төгсөх үедээ хөтөлбөрт тохируулсан CDIO суралцахуйн үр дүнгүүдийг хэр түвшинд эзэмшсэн болон эдгээрээс аль үр дүнг ямар түвшинд эзэмших шаардлагатай байсан гэж үзэж байгаа талаар санал асуулга авна.

Энэ мэт ажил олгогч, багшлах бүрэлдэхүүн, үйлдвэрийн удирдлага, хөтөлбөрийн мэргэжлийн зөвлөл, бусад салбар, тэнхмийн багш нар гэх олон талын төлөөллөөс санал асуулга авч хөтөлбөрт тохируулсан CDIO суралцахуйн үр дүнгийн аль үр дүнг ямар түвшинд эзэмших шаардлагатайг тодорхойлж болно. CDIO загварыг амжилттай хэрэгжүүлж байгаа гадаадын сургуулиудын туршлагаас харахад дараах оролцогч талуудыг гол болгон сонгож байна. Үүнд:

  • Их сургуулийн багш нар
  • Хувийн ба төрийн байгууллагын дунд ба дээд шатны удирдлагууд
  • Төгсөөд 5 жил болж байгаа төгсөгчид
  • Төгсөөд 15 жил болж байгаа төгсөгчид

Оролцогч талуудын хэрэгцээ шаардлага, санаа бодлыг тодорхойлох, нэгтгэх: Хөтөлбөр хэрэгжүүлэхэд оролцогч талаас суралцахуйн үр дүнгийн талаар мэдээлэл цуглуулах олон арга бий. Санал асуулга авах хэлбэр нь илүү нийтлэг бөгөөд хэмжигдэхүйц мэдээлэл бий болгох боломж олгодог. Хөтөлбөрт тохируулсан CDIO суралцахуйн үр дүнгийн талаар санал асуулга авахдаа 1-р түвшин нь хэтэрхий ерөнхий, 3-р түвшин нь хэтэрхий дэлгэрэнгүй учраас гол төлөв 2-р түвшинг хэрэглэх нь тохиромжтой гэж үздэг. Энд 13-16 үр дүнгийн жагсаалт байна. Санал асуулгын асуулт аль болох ойлгомжтой байх талаас нь маш сайн бодож найруулан бичих хэрэгтэй.

Хөтөлбөрт тохируулсан CDIO суралцахуйн үр дүнгийн аль үр дүнг ямар түвшинд эзэмших шаардлагатайг тодорхойлохдоо хүснэгт 3.2-д үзүүлсэн 1-5 хүртэл оноо бүхий загварыг ашиглаж болно. Энэ нь Mассечусетийн технологийн институт(MIT)-аас гаргасан загвар болно.

Хүснэгт 3.2. CDIO загварын суралцахуйн үр дүнг үнэлэх арга

Оноо

Тухайн суралцахуйн үр дүнг эзэмшсэн байх шаардлагатай түвшин

1

Тухайн үр дүнгийн хувьд тодорхой хэмжээний чадвараа илрүүлэх

2

Тухайн үр дүнтэй холбоотой үйл ажиллагаанд оролцох, хувь нэмэр оруулах чадвартай байх

3

Тухайн үр дүнг ойлгох ба тайлбарлах чадвартай байх

4

Тухайн үр дүнгийн хувьд практик эсвэл хэрэгжүүлэх чадвартай болсон байх

5

Тухайн үр дүнгийн хувьд манлайлах эсвэл инноваци хийх чадвартай болсон байх

Оролцогч талуудын өгсөн санал, зөвлөмжийг боловсруулах, багшлах бүрэлдэхүүний хүрээнд хэлэлцүүлэх: Энэ үйл ажиллагааны үед санал асуулга байдлаар цуглуулсан мэдээллийг боловсруулах ажил хийгдэнэ. Жишээ нь хүснэгт 3.2-д үзүүлсэн аргаар үр дүн бүрийн хувьд үнэлгээ гарган оюутан аль үр дүнг ямар түвшинд эзэмшвэл зохихийг тодорхойлно гэсэн үг юм. Зураг 3.3-д Массачусеттийн Технологийн Институт(MIT)-ээс суралцахуйн үр дүнгийн эзэмшвэл зохих түвшинг тодорхойлох зорилгоор багшлах бүрэлдэхүүн, үйлдвэрийн удирдлагууд болон төгсөөд 5 ба 15 жил болж буй төгсөгчдөөс авсан санал асуулгын үр дүнг жишээ болгон үзүүлэв.

Зураг 3.3. MIT сургуулийн тухайн хөтөлбөрийн суралцахуйн үр дүнгийн эзэмшвэл зохих түвшинг санал асуулгаар тодорхойлсон жишээ

Ийм байдлаар хөтөлбөрт тохируулсан CDIO суралцахуйн үр дүнгийн эзэмшвэл зохих түвшинг тодорхойлсноор эдгээрийг хөтөлбөрийн үр дүн(PLOs)-д хөрвүүлэхдээ ямар үйлийн түвшинд сургах, суралцах үйл ажиллагааг төлөвлөх, сургалтын үйл ажиллагааны явцад болон эцэст хэрхэн үнэлэх нь тодорхой болно.

Хөтөлбөрт тохируулсан CDIO суралцахуйн үр дүнг PLOs-д хөрвүүлэх: Дээрх үйл ажиллагаагаар CDIO суралцахуйн үр дүнгийн эзэмшвэл зохих түвшинг тодорхойлсны дараа хөтөлбөрийн суралцахуйн үр дүн(PLOs)-г гаргана. Энэ нь 3  үе шаттайгаар хийгдэнэ. Үүнд:

  • CDIO суралцахуйн үр дүнд тохирох таксаномыг сонгох
  • CDIO суралцахуйн үр дүнгүүдийн эзэмшвэл зохих түвшин ба таксаном хоорондын хамаарал гаргах
  • CDIO суралцахуйн үр дүнг хөтөлбөрийн суралцахуйн үр дүнгийн хэлбэрт хувирган үйл үгээр илэрхийлэн томъёолох

Эхний үе шат буюу CDIO суралцахуйн үр дүнд тохирох таксаномыг сонгохдоо олон төрлийн таксаном хэрэглэж болно. Хамгийн өргөн хэрэглэгдэж байгаа нь Блумын таксаном бөгөөд энэ нь 3 талбартай.  Тухайн үр дүн мэдлэг, ур чадвар, хандлагын алинд хамаарч байгаагаас шалтгаалж хэрэглэх талбар тодорхойлогдоно.

Хоёр дахь үе шатанд CDIO суралцахуйн үр дүнгийн эзэмшвэл зохих түвшин ба сонгосон таксаном хоорондын хамаарал гаргана. Энэ нь 3 дахь шатанд ямар түвшний үйл үгийг тухайн үр дүнд төлөвлөх боломж олгоно. Жишээ болгон MIT сургуулийн гаргаснаар Блумын танин мэдэхүй, сэтгэлгээний талбар ба CDIO суралцахуйн үр дүнгийн эзэмшвэл зохих түвшин хоорондын хамааралыг хүснэгт 3.3-д үзүүлэв. Энд тодорхойлсноор CDIO суралцахуйн үр дүнгийн эзэмшвэл зохих түвшний 2 оноо бүхий түвшин нь сэргээн санах түвшинд, 3 оноо бүхий түвшин нь ойлгох түвшинд, 4 оноо бүхий түвшин нь хэрэглэх ба задлан шинжлэх түвшинд, 5 оноо бүхий үнэлэх ба бүтээх түвшинд тус тус харгалзана гэж үзсэн байна. Харин  MIT сургуулийн хувьд 1 оноо бүхий түвшинг таксаномын түвшинд хамааруулаагүй байна.

Гурав дахь шатанд CDIO суралцахуйн үр дүнгийн эзэмшвэл зохих түвшин ба сонгосон таксаном хоорондын хамаарлаас PLOs-д хэрэглэх үйл үгийг тодорхойлно. Жишээ нь 3.3 хүснэгтэд үзүүлснээр CDIO суралцахуйн үр дүнгийн эзэмшвэл зохих түвшин “Тухайн үр дүнг ойлгох ба тайлбарлах чадвартай байх” түвшинд байсан гэж үзвэл энэ нь Блумын танин мэдэхүй, сэтгэлгээний талбарын ойлгох түвшинд харгалзах учир энэ түвшингээс тохирох үйл үгийг сонгон хөтөлбөрийн тухайн суралцахуйн үр дүнг томъёолно. Энэ үйл ажиллагаа хөтөлбөрт тохируулсан CDIO суралцахуйн үр дүн бүрээр хийгдэх ба эцэст нь PLOs буюу хөтөлбөрийн суралцахуйн үр дүн бэлэн болно.

Хүснэгт 3.3. Блумын танин мэдэхүй, сэтгэлгээний талбар ба  CDIO сургалтын  үр дүнгийн эзэмшвэл зохих түвшин хоорондын хамаарал

CDIO суралцахуйн үр дүнгийн эзэмшвэл зохих түвшин

Блумын танин мэдэхүй, сэтгэлгээний талбар

1

Тухайн үр дүнгийн хувьд тодорхой хэмжээний чадвараа илрүүлэх

 

2

Тухайн үр дүнтэй холбоотой үйл ажиллагаанд оролцох, хувь нэмэр оруулах чадвартай байх

Сэргээн санах

3

Тухайн үр дүнг ойлгох ба тайлбарлах чадвартай байх

Ойлгох

4

Тухайн үр дүнгийн хувьд практик эсвэл хэрэгжүүлэх чадвартай болсон байх

Хэрэглэх

Задлан шинжлэх

5

Тухайн үр дүнгийн хувьд манлайлах эсвэл инноваци хийх чадвартай болсон байх

Үнэлэх

Бүтээх


​​​​​​​3.3. CDIO стандартууд

2004 оны 1 сард CDIO санаачлагаас энэ арга зүйг нэвтрүүлсэн сургалтын хөтөлбөрийг бүрэн илэрхийлэх боломжтой 12 стандартыг гаргаж хэрэгжүүлсэн. Тодруулбал CDIO стандарт, арга зүйг нэвтрүүлсэн сургалтын хөтөлбөр болон энэ хөтөлбөрөөр төгсөгчдийг яаж хүлээн зөвшөөрөх вэ? гэсэн хөтөлбөрийн удирдлага, төгсөгчдийн холбоо, үйлдвэрийн түншлэгч нарын асуултанд хариулт болгож эдгээр чиглүүлэгч зарчмууд буюу стандартуудыг боловсруулсан.

Эдгээр стандартыг CDIO стандарт, арга зүйг нэвтрүүлсэн сургалтын хөтөлбөрийн ялгагдах онцлогийг тодорхойлох, хөтөлбөрийг шинэчлэх ба үнэлэхэд чиг баримжаа болгох, дэлхийн хэмжээнд жишиг тогтоох харьцуулсан судалгаа (бенчмаркинг) бий болгох болон тухайн хөтөлбөрийг тасралтгүй сайжруулах үйл ажиллагаа явуулах зэрэгт ашиглаж болно.

CDIO стандарт, арга зүйн дагуу сургалтын үйл ажиллагаа зохион байгуулахдаа 12 стандартын дагуу хэрэгжүүлэх ёстой. Эдгээр стандартыг хүснэгт 3.4-д үзүүлсэн байдлаар ангилна. Аль нэг сургалтын хөтөлбөрийг гадаадад эсвэл дотоодод магадлан итгэмжлэл хийлгэхдээ бид тухайн байгууллагаас гаргасан шалгуурын дагуу өөрийн үнэлгээний тайлан бэлтгэдэг. Тухайлбал ABET байгууллагын магадлан итгэмжлэл 8 шалгууртай. CDIO стандартуудыг эдгээр шалгууртай ижил гэж ойлгож болно. Ерөнхийдээ тухайн хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжүүлэх, үнэлэх үйл ажиллагаа стандартын дагуу хийгддэг гэсэн үг юм. Жишээ нь 1-р стандартаар хөтөлбөрийн  үзэл баримтлал, зорилго, зорилтууд тодорхойлогдох ба түүнд үндэслэн 2, 3 дугаар стандартаар сургалтын хөтөлбөрийн шинэчлэлт, боловсруулалт хийгдэнэ.

Хүснэгт 3.4. CDIO стандарт

д/д

Стандартын нэр

Стандартын хамаарагдах чиглэл

1

Үзэл баримтлал

Нийлмэл сургалтын хөтөлбөр боловсруулалт

2

Суралцахуйн үр дүнгүүд

3

Нийлмэл сургалтын хөтөлбөр

4

Инженерийн удиртгал хичээл

Зохион бүтээх дадлага, төсөл ба сургалтын орчин

5

Зохион бүтээх, хэрэгжүүлэх дадлага

6

Инженерийн ажлын байр

7

Олон талт сургалтын арга, туршлага

Суралцахуй болон сургах арга зүй

8

Идэвхитэй суралцахуй

9

Багш нарын CDIO чадвар

Багш нарын заах арга зүйн болон мэргэжлийн мэдлэг, чадварыг дээшлүүлэх

10

Багш нарын заах арга зүйн чадамж

11

Сургалтын явцын үнэлгээ

Сургалтын хөтөлбөрийн үр дүн ба үнэлгээ

12

Хөтөлбөрийн үнэлгээ

Стандартуудын зорилгыг дараах байдлаар тодорхойлсон байдаг. Үүнд:

1. CDIO үзэл баримтлал

Бүтээгдэхүүн, үйл ажиллагаа ба систем хөгжүүлэх үе шатуудыг илтгэн харуулдаг “Сэтгэх-Зохиох-Бүтээх-Хэрэглэх” зарчмыг инженерийн боловсролын  үндсэн үзэл баримтлал болгон сонгох явдал.         

2. CDIO хөтөлбөрийн суралцахуйн үр дүнгүүд

Хөтөлбөрийн зорилготой уялдаж ажил олгогчдоор хянагдан баталгаажсан хувь хүн, хувь  хүн хоорондын харилцаа болон бүтээгдэхүүн, үйл ажиллагаа, систем бий болгох ур чадварууд олгох тусгайлсан, дэлгэрэнгүй суралцахуйн үр дүнгүүд

3. Нийлмэл сургалтын хөтөлбөр

Хувь хүний, хувь  хүн хоорондын харилцааны болон бүтээгдэхүүн, систем бий болгох чадварууд олгох нарийн төлөвлөгөө бүхий тухайн мэргэжлийн салбар чиглэлийн харилцан уялдаатай хичээлүүдийг агуулсан сургалтын хөтөлбөр

4. Инженерийн удиртгал хичээл

Инженерийн удиртгал хичээл нь бүтээгдэхүүн, систем, үйл ажиллагаа бий болгох инженерийн дадлага олгохоос гадна  хувь хүний, хувь хүн хоорондын харилцааны суурь чадваруудыг олгоход чиглэнэ. 

5. Зохион бүтээх, хэрэгжүүлэх дадлага

Тухайн хөтөлбөр нь хоёр эсвэл хэд хэдэн  зохион бүтээх дадлага, туршлага олгох хичээл агуулах ба нэг нь суурь түвшинд, бусад нь ахисан түвшинд байна.

6. Инженерийн ажлын байр

Инженерийн ажлын байр ба лабораториуд нь нийгмээс суралцах, бие дааж тухайн салбар чиглэлийн мэдлэгээ баталгаажуулах,  бүтээгдэхүүн, систем, үйл ажиллагаа бий болгох чадвараа хөгжүүлэх боломжийг бүрдүүлнэ.

7. Олон талт сургалтын арга, туршлага

Олон талт сургалтын арга туршлагууд нь тухайн салбар чиглэлийн мэдлэгийг баталгаажуулах, мөн хувь хүний, хувь  хүн хоорондын харилцааны болон бүтээгдэхүүн, систем, үйл ажиллагаа бий болгох чадваруудыг хөгжүүлэхэд чиглэгдэнэ.

8. Идэвхитэй суралцахуй

Туршилтаар батлагдсан идэвхтэй суралцахуйн аргад суурилсан сургах болон суралцах үйл явц

9. Багшлах бүрэлдэхүүний CDIO чадвар

Багшлах бүрэлдэхүүний хувь хүний болон хувь хүн хоорондын харьцааны чадвар, мөн бүтээгдэхүүн, систем, үйл ажиллагаа бий болгох чадварыг хөгжүүлэх үйл ажиллагаа

10. Багшлах бүрэлдэхүүний заах арга зүйн чадамж

Идэвхитэй суралцахйн арга ба оюутны суралцах үйл явцад хийсэн үнэлгээг ашиглан олон талт сургалтын арга туршлага бий болгох замаар багшлах бүрэлдэхүүний чадамжийг дээшлүүлэх үйл ажиллагаа

11. CDIO сургалтын явцын үнэлгээ

Оюутанд хувь хүний, хувь хүн хоорондын харилцааны, мөн бүтээгдэхүүн, систем, үйл ажиллагаа бий болгох чадварууд болон тухайн салбар, чиглэлийн мэдлэг олгох сургалтын үнэлгээ

12. CDIO хөтөлбөрийн үнэлгээ

Эдгээр 12 стандартын дагуу  тухайн хөтөлбөрийг үнэлэх, үнэлгээний үр дүнд үндэслэн хөтөлбөрийг тасралтгүй сайжруулах зорилгоор оюутан, багшлах бүрэлдэхүүн, ажил олгогчидтой эргэх холбоог бий болгох систем.

Хүснэгт 3.4-д үзүүлсэн CDIO загварын 12 стандартыг БМИҮЗ-аас гаргасан 7 шалгуур үзүүлэлттэй харьцуулбал хүснэгт 3.5-д үзүүлсэн үр дүн гарна.  Эндээс харахад “Суралцагчид чиглэсэн үйлчилгээ” шалгуураас бусад шалгуур нь  CDIO стандарттай тодорхой хамааралтай байгаа нь харагдаж байна. Гэхдээ CDIO стандарт нь ҮДСБ-ын зарчмаар сургалтын хөтөлбөр боловсруулах, суралцагчдад  олон талт практик ур чадвар олгох үүднээс тусгай хичээлүүд төлөвлөх, сургалтын идэвхитэй аргууд хэрэглэх, инженерийн ажлын байр буюу урлан бэлтгэх, багш нарын практик ур чадварыг хөгжүүлэхэд анхаарах, мөн хөтөлбөрт байнга үнэлгээ хийж тасралтгүй сайжруулах зэрэг чиглэлүүдэд анхаарахыг чухалчилсан байна.

Хүснэгт 3.5. БМИҮЗ-ийн хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн шалгуур ба CDIO стандартын харьцуулалт

д/д

БМИҮЗ-ийн хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн шалгуур

CDIO стандарт

1

Хөтөлбөрийн төлөвлөлт

Суралцахуйн үр дүнгүүд

Нийлмэл сургалтын хөтөлбөр

2

Сургалтын үйл ажиллагаа

Инженерийн удиртгал хичээл

Зохион бүтээх, хэрэгжүүлэх дадлага

Олон талт сургалтын арга, туршлага

Идэвхитэй суралцахуй

Сургалтын явцын үнэлгээ

3

Хөтөлбөр хэрэгжүүлэх орчин, нөөц

Инженерийн ажлын байр

4

Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт

Үзэл баримтлал

5

Суралцагчид чиглэсэн үйлчилгээ

 

6

Багшлах бүрэлдэхүүн

Багш нарын CDIO чадвар

Багш нарын заах арга зүйн чадамж

7

Чанарын үнэлгээ, баталгаажилт

Хөтөлбөрийн үнэлгээ


ХОЛБООТОЙ СЭДВҮҮД:

1. СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРТ ТАВИГДАХ ҮНДСЭН ШААРДЛАГА 

2. ДОТООД, ГАДААДАД СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР МАГАДЛАН ИТГЭМЖЛҮҮЛЭХЭД ТАВИГДАХ ШАЛГУУР, ШААРДЛАГА    

3. ҮР ДҮНД СУУРИЛСАН БОЛОВСРОЛЫН CDIO СТАНДАРТ, АРГА ЗҮЙН ШАЛГУУР, ШААРДЛАГА 

4. СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙГ ДОТООДЫН БОЛОН ОЛОН УЛСЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛД БЭЛТГЭХ АРГА ЗҮЙ