2. ДОТООД, ГАДААДАД СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР МАГАДЛАН ИТГЭМЖЛҮҮЛЭХЭД ТАВИГДАХ ШАЛГУУР, ШААРДЛАГА  

  1. 2.1. Дотоодын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн байгууллагын нийтлэг шалгуур, шаардлага
  2. 2.2. Гадаадын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн байгууллагын нийтлэг шалгуур, шаардлага

2.1. Дотоодын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн байгууллагын нийтлэг шалгуур, шаардлага

Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл(БМИҮЗ)-өөс дээд болон мэргэжлийн боловсролын сургууль, сургалтын хөтөлбөрийг магадлан итгэмжлэх, нэмэлт өөрчлөлт оруулсан шалгуур шаардлагыг 2015 оны 12 дугаар сард удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэн баталсан бол 2018 оны 12 сард тодорхой өөрлөлтүүд оруулан дахин шинэчилсэн байдаг.

Энэхүү нийтлэг шалгуур нь 7 хэсгээс бүрдэх бөгөөд хүснэгт 2.1-д үзүүлсэн дэд шалгуурыг агуулсан байдаг.

Хүснэгт 2.1. БМИҮЗ-аас гаргасан хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн шалгуур

д/д

Шалгуур

Тодорхойлолт

Дэд шалгуур

1

ХӨТӨЛБӨРИЙН ТӨЛӨВЛӨЛТ

Оролцогч болон сонирхогч талуудын хэрэгцээг хангахад чиглэсэн, үйл ажиллагааны төлөвлөлт,  зохицуулалтын цогц баримт бичгийг нийтлэг шаардлагын дагуу иж бүрэн боловсруулан баталгаажуулж,  тогтмол сайжруулдаг байна.

Хөтөлбөрийн хэрэгцээ, шаардлага

Хөтөлбөрийн зорилго

Хөтөлбөрийн баримт бичгүүд

2

СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА

Сургалтын үйл ажиллагаа нь сургуулийн эрхэм зорилгод нийцэж, хөтөлбөрийн үр дүнд чиглэсэн, цогц чадамжид суурилсан, агуулга, арга зүй нь тасралтгүй хөгжин сайжирдаг байна.

Хөтөлбөрийн сургалтын агуулга, түүний шинэчлэл

Сургалтын арга зүй

Суралцагчийн үнэлгээ

3

ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЭХ ОРЧИН, НӨӨЦ

Хөтөлбөрийн  зорилго, зорилтыг үр дүнтэй  хэрэгжүүлэх, амжилттай суралцахад  дэмжлэг үзүүлэхүйц шаардлагатай нөөцийг бүрдүүлсэн байна.

Сургалтын орчин

Сургалтын хэрэглэгдэхүүн

Сурах бичиг, мэдээллийн эх үүсвэр

4

ХӨТӨЛБӨРИЙН УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

Хөтөлбөрийн удирдлага нь сургуулийн алсын хараа, эрхэм зорилгод нийцүүлэн сургалтын үйл ажиллагааг чанартай, тасралтгүй явуулахад нөөцийг оновчтой хуваарилж; хөдөлмөрлөх, суралцах таатай орчинг бүрдүүлэн хөтөлбөрийн хөгжлийг хангахуйц стратеги, менежмент, маркетингийг хэрэгжүүлнэ.

Хөтөлбөрийн удирдлагын үйл ажиллагаа

Хамтын ажиллагаа, нийгэмд үзүүлэх үйлчилгээ

Санхүүжилт

Хөтөлбөрийн маркетингийн  идэвхжүүлэлт

Хөтөлбөрийн нээлттэй, ил тод байдал

5

СУРАЛЦАГЧИД ЧИГЛЭСЭН ҮЙЛЧИЛГЭЭ

Тухайн хөтөлбөрөөр суралцагчдын оролцоог ханган бие даан амжилттай суралцахад чиглэсэн дэмжих үйл ажиллагааг хүртээмжтэй, ашиг сонирхолд  нь нийцүүлэн үр дүнтэй хэрэгжүүлдэг байна.

Суралцагч сонгох, элсүүлэх

Зөвлөн туслах үйлчилгээ

Суралцагчийн олон нийтийн оролцоо, урамшуулал

Суралцагчийн шилжилт, хөдөлгөөн

Төгсөлтийн баримт бичиг

6

БАГШЛАХ БҮРЭЛДЭХҮҮН

Багшийн үйл ажиллагаа нь хөтөлбөрийн үр дүнг амжилттай хэрэгжүүлж, хөгжүүлэхэд чиглэсэн байна.

Багшийн сонгон шалгаруулалт, зэрэглэл, урамшууллын бодлого

Багшийн хөгжил

Эрдэм шинжилгээ, судалгаа

Багшийн үнэлгээ

7

ЧАНАРЫН ҮНЭЛГЭЭ, БАТАЛГААЖИЛТ

Хөтөлбөрийг тасралтгүй хөгжүүлэхэд чиглэгдсэн дотоод чанарын баталгаажуулалтын механизмтай, хөндлөнгөөс үнэлүүлдэг байна.

Хөтөлбөрийн чанарын дотоод  баталгаажуулалт, сайжруулалт

Хөтөлбөрийн үр дүн

Үндэсний болон олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөх

Хүснэгт 2.1-д үзүүлэн хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн шалгуур нь 1-р хэсэгт үзүүлсэн сургалтын хөтөлбөрт тавигдах гол гол шаардлагын хэрэгжилтийг үнэлэх боломжтойгоор тодорхойлогдсон байна. Тодруулбал 1-р шалгуур нь хөтөлбөр боловсруулалтын түвшинг, 2-р шалгуур нь сургалтын агуулга, арга зүй, үнэлгээний түвшинг, 3-р шалгуур нь сургалт явуулах орчин нөхцөл, хангамжийн түвшинг, 4-р шалгуур нь хөтөлбөрийн хэрэгжилтэд удирдлага, санхүүгийн дэмжлэг ямар түвшинд байгааг, 5-р шалгуур суралцагчдад үзүүлж байгаа үйлчилгээ, дэмжлэг ямар түвшинд байгааг, 6-р шалгуур нь хөтөлбөр хэрэгжүүлэх гол бүрэлдэхүүн болох багшлах бүрэлдэхүүний чадамж, нөөцийн түвшинг, 7-р шалгуур нь сургалтын үйл ажиллагааны чанар баталгаажилтын тогтолцоо ямар түвшинд байгааг тус тус үнэлэхэд чиглэсэн байна.

Тодорхой хөтөлбөрөөр сургалт явуулж байгаа дээд боловсролын сургалтын байгууллага БМИҮЗ-ээс  гаргасан хөтөлбөрт тавигдах нийтлэг шалгуурын 1, 2 ба 7-р шалгуурын хэрэгжилтийн хангах чиглэлд илүү анхаарч ажиллаж чадвал үр дүнд суурилсан боловсролын тогтолцоог хэвшүүлэх, улмаар дотоодод хөтөлбөр магадлан итгэмжлүүлэхэд илүү хялбар байх болно.


2.2.Гадаадын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн байгууллагын нийтлэг шалгуур, шаардлага

Улс орон бүрт шинжлэх ухааны салбар чиглэл бүрээр үйл ажиллагаа явуулдаг хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн байгууллага байдаг.  Эдгээрийн зарим нь зөвхөн дотооддоо үйл ажиллагаа явуулдаг бол зарим нь олон улсын түвшинд үйл ажиллагаа явуулдаг.

Олон улсын түвшинд магадлан итгэмжлэл хийдэг Америкийн нэгдсэн улсын Бизнесийн сургуулиуд болон сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн зөвлөл(ACBSP), Америкийн нэгдсэн улсын Инженер, Технологийн магадлан итгэмжлэх зөвлөл(ABET), Германы Инженер, мэдээлэлзүй, байгалийн ухаан, математикийн мэргэжлийн хөтөлбөрийг магадлан итгэмжлэх агентлаг(ASIIN) зэрэг олон байгууллагыг нэрлэж болох бөгөөд эдгээр нь бүгд ҮДСБ-ын зарчимд суурилсан сургалтын хөтөлбөрийг магадлан итгэмжлэхэд чиглэсэн шалгуур үзүүлэлтийг дагаж мөрддөг. Өөрөөр хэлбэл хөтөлбөрийн суралцахуйн үр дүн буюу оюутны эзэмших мэдлэг, ур чадвар, хандлагыг тодорхойлох, хэрэгжүүлэх, үнэлэх, баталгаажуулах үйл ажиллагаа ямар түвшинд хэрэгжиж байгааг хөндлөнгөөс үнэлж дүгнэх, санал зөвлөмж өгөхөд чиглэсэн байдаг.

Жишээ болгон инженер технологийн хөтөлбөрийг магадлан итгэмжлэдэг ABET байгууллагын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн шалгуур, шаардлагын талаар дэлгэрэнгүй тайлбарлая.

Инженер, Технологийн Магадлан Итгэмжлэх Зөвлөл(ABET):

ABET(Accreditation Board of Engineering and Technology) буюу Инженер, технологийн магадлан итгэмжлэлийн зөвлөл нь хэрэглээний шинжлэх ухаан, програм хангамж, инженерийн ба инженер технологийн хөтөлбөрийг магадлан итгэмжилдэг төрийн бус байгууллага юм.

Энэ байгууллага нь анх 1932 онд байгуулагдсан бөгөөд АНУ-ын дотоодод төдийгүй олон улсад инженер, технологийн чиглэлийн сургалтын хөтөлбөрийг магадлан итгэмжилдэг хамгийн нэр хүндтэй томоохон байгууллага юм.

2019 оны байдлаар дэлхийн 32 улсын 800 орчим коллеж, их, дээд сургуулийн 4000 гаруй хэрэглээний шинжлэх ухаан, програм хангамж, инженер болон инженер технологийн чиглэлийн сургалтын хөтөлбөрийг магадлан итгэмжилсэн байна.

ABET нь хүснэгт 2.2-д үзүүлсэн шалгуурын дагуу магадлан итгэмжлэл хийдэг бөгөөд өөрийн үнэлгээний тайланг эдгээр шалгуурын дагуу бичсэн байх ёстой.

Хүснэгт 2.2. ABET байгууллагаас гаргасан хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн шалгуур

д/д

Шалгуур

Англи

Монгол

1

 

Background information

Танилцуулга мэдээлэл

2

Шалгуур үзүүлэлт 1

Criterion 1 on Student

Оюутан

3

Шалгуур үзүүлэлт 2

Criterion 2 on Program Educational Objectives

Хөтөлбөрийн боловсролын зорилтууд

4

Шалгуур үзүүлэлт 3

Criterion 3 on Student Outcomes

Оюутны эзэмших суралцахуйн үр дүнгүүд

5

Шалгуур үзүүлэлт 4

Criterion 4 on Continuous Improvement

Хөтөлбөрийн ахиц дэвшил буюу тасралтгүй сайжруулалт

6

Шалгуур үзүүлэлт 5

Criterion 5 on Curriculum

Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө

7

Шалгуур үзүүлэлт 6

Criterion 6 on Faculty

Багшлах бүрэлдэхүүн

8

Шалгуур үзүүлэлт 7

Criterion 7 on Facilities

Тоног төхөөрөмж, сургалтын орчин

9

Шалгуур үзүүлэлт 8

Criterion 8 on Institutional Support

Удирдлага, байгууллагын дэмжлэг

10

Тухайн хөтөлбөрийн чиглэлээр олон улсын түвшинд үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн холбооноос тавьдаг нэмэлт шаардлага

Program Criteria

Хөтөлбөрийн нэмэлт шаардлага

Олон улсын түвшинд хөтөлбөр магадлан итгэмжилдэг ихэнх байгууллагын хөтөлбөрт тавих шалгуур нь хүснэгт 2.2-д үзүүлсэн ABET байгууллагын шалгууртай ижил төстэй байдаг бөгөөд энэ нь суралцахуйн үр дүнд чиглэсэн зарчмаар сургалтай явуулж байгаа эсэхийг үнэлэхэд чиглэсэн байдагтай холбоотой. ABET байгууллагын үндсэн 8 шалгуур нь БМИҮЗ-ийн 7 шалгууртай хэр зэрэг нийцэж байгаа хүснэгт 2.3-аас харж болно.

Хүснэгт 2.3. БМИҮЗ ба ABET байгууллагаас гаргасан хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн шалгуурын харьцуулалт

д/д

БМИҮЗ-ийн хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн шалгуур

ABET-ийн хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн шалгуур

1

Хөтөлбөрийн төлөвлөлт

Шалгуур үзүүлэлт 2-Хөтөлбөрийн боловсролын зорилтууд

Шалгуур үзүүлэлт 3-Оюутны эзэмших суралцахуйн үр дүнгүүд

2

Сургалтын үйл ажиллагаа

Шалгуур үзүүлэлт 5-Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө

3

Хөтөлбөр хэрэгжүүлэх орчин, нөөц

Шалгуур үзүүлэлт 7-Тоног төхөөрөмж, сургалтын орчин

4

Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт

Шалгуур үзүүлэлт 8-Удирдлага, байгууллагын дэмжлэг

5

Суралцагчид чиглэсэн үйлчилгээ

Шалгуур үзүүлэлт 1-Оюутан

6

Багшлах бүрэлдэхүүн

Шалгуур үзүүлэлт 6-Багшлах бүрэлдэхүүн

7

Чанарын үнэлгээ, баталгаажилт

Шалгуур үзүүлэлт 4-Хөтөлбөрийн ахиц дэвшил буюу тасралтгүй сайжруулалт

Хүснэгт 2.3-аас харахад дотоодын магадлан итгэмжлэлийн шалгуур нь ABET байгууллагын магадлан итгэмжлэлийн шалгууртай бүрэн нийцэж байна. Гол ялгаа нь “Хөтөлбөрийн төлөвлөлт” шалгуурт БМИҮЗ-өөс тухайн хөтөлбөрийн чиглэлд оюутны эзэмших суралцахуйн үр дүнг жагсаалт байдлаар урьдчилан тодорхойлж өгөөгүй байна. Харин ABET байгууллагын 3-р шалгуурт PLOs буюу оюутны хөтөлбөрөөр эзэмших суралцахуйн үр дүнг жагсаалт байдлаар урьдчилан тодорхойлсон байна. Тухайн хөтөлбөр нь 4 салбар чиглэлийн алинд хамаарч байгаагаас шалтгаалж суралцахуйн үр дүн нь ялгаатай байна. Эдгээр 4 чиглэлийн  хөтөлбөрт тавих суралцахуйн үр дүнгийн шалгуурыг хүснэгт 2.4-өөс 2.7-д тус тус үзүүлэв. Инженер ба инженер технологийн хөтөлбөрүүд хоорондоо төстэй хэдий ABET байгууллагаас суралцахуйн үр дүнгийн шалгуур талаас нь өөр өөр шалгууруудыг тавьдаг.

Инженер технологийн хөтөлбөр нь өргөн хүрээнд тодорхойлогдох асуудал, үйл ажиллагааны хүрээнд суралцахуйн үр дүнг тодорхойлсон байдаг бол инженерийн хөтөлбөр нь нарийн нийлмэл асуудал, үйл ажиллагааны хүрээнд суралцахуйн үр дүнг гаргасан байдгаараа (зураг 2.1) ялгаатай.

ABET байгууллагаас инженер ба инженер технологийн хөтөлбөрийн ялгааг дараах байдлаар тодорхойлсон байдаг.

  • Хөтөлбөрийн хувьд: Инженерийн хөтөлбөр нь голлон онол ба загварчлал талд чиглэсэн байдаг бол инженер технологийн хөтөлбөр нь  хэрэглээ ба хэрэгжүүлэлт талд чиглэсэн байдаг. Инженерийн хөтөлбөр нь дээд түвшний математикийг олон улиралд дараалан судлах, онол талын шинжлэх ухааны хичээлүүд агуулсан байдаг бол инженер технологийн хөтөлбөр нь алгебр, тригнометр, хэрэглээний математик болон бусад практик хэрэглээ талын хичээлүүдийг агуулсан байдгаараа ялгаатай.
  • Ажлын байрны хувьд: Инженерийн хөтөлбөрөөр төгсөгчийг инженер гэж нэрлэх бөгөөд голлон судалгаа шинжилгээ, бүтээгдэхүүн хөгжүүлэлт талын ажлыг гүйцэтгэдэг. Мөн ихэнх нь энэ чиглэлээрээ ахисан түвшний сургалтанд хамрагдаж тэр түвшний ажлыг гүйцэтгэнэ. 4 жилийн инженер технологийн хөтөлбөрөөр төгсөгчийг технологич, 2 жилийн инженер технологийн хөтөлбөрөөр төгсөгчийг техникч гэж нэрлэдэг. Энэ чиглэлийн мэргэжилтэн нь бүтээн байгуулалт, үйлдвэрлэл, бүтээгдэхүүны загварчлал, хяналт тест болон техникийн ашиглалт үйлчилгээ, худалдааны чиглэлийн ажлын байранд голлон ажиллана. Инженер технологич нь дараагийн шатанд гол төлөв инженер, тоног төхөөрөмжийн менежмент, бизнесийн удирдлагын чиглэлээр  суралцаж мэдлэг, мэргэжлээ дээшлүүлдэг.

Зураг 2.1. Инженер ба инженер технологийн хөтөлбөрийн ялгаа

Хүснэгт 2.4. Инженер технологийн хөтөлбөрийн суралцахуйн үр дүнгийн шалгуур

д/д

Суралцахуйн үр дүн

1

(а) Өргөн хүрээнд тодорхойлогдох инженерийн технологийн үйл ажиллагаанд  тохирох мэдлэг, техник технологи, дадал чадварууд болон орчин үеийн хэрэгсэлүүдийг оновчтой сонгон хэрэглэх

2

(b)  Хэрэглээний зарчим, дэс дараалал, аргачлал шаардсан инженерийн технологийн чиглэлийн асуудлуудад математик, шинжлэх ухаан, инженерчлэл ба технологийн мэдлэгийг оновчтой сонгон хэрэглэх

3

(c) Стандарт тест ба хэмжилтүүд хийх; туршилтууд гүйцэтгэх, түүнд дүн шинжилгээ хийх, үр дүнг боловсруулах; туршилтын үр дүнг аливаа үйл ажиллагааг сайжруулахад ашиглах

4

(d) Хөтөлбөрийн боловсролын зорилтуудтай уялдсан, өргөн хүрээнд тодорхойлогдох инженерийн технологийн асуудлуудын хүрээнд аливаа систем, тодорхой бүрэлдэхүүн хэсэг, үйл ажиллагааг зохион бүтээх

5

(e) Техникийн багийн гишүүнээр эсвэл удирдагчаар үр бүтээлтэй ажиллах

6

(f) Өргөн хүрээнд тодорхойлогдох инженер технологийн асуудлуудыг  тодорхойлох, дүн шинжилгээ хийх, шийдвэрлэх

7

(g) Техникийн болон техникийн бус орчинд бичгийн, ярианы, дүрслэлийн зэрэг харилцааны хэлбэрүүдийг  хэрэглэх болон холбогдох техникийн зохиол, бүтээлийг зөв тодорхойлох, ашиглах

8

(h) Мэргэжлийн  ур чадвараа бие даан тасралтгүй дээшлүүлэх хэрэгцээг ойлгон ухамсарлах, хэрэгжүүлэх

9

(i) Өөр хоорондоо ялгаатай хүн, нийгмийн орчинд ямагт мэргэжлийн болон ёс зүйн үүрэг хариуцлагаа ухамсарлан ойлгох, үлгэрлэн харуулах

10

(j) Аливаа инженерийн технологийн шийдлийн нийгэмд болон дэлхийн хэмжээнд үзүүлэх үр нөлөөллийн талаар мэдлэг эзэмших

11

(k) Аливаа зүйлийг цаг хугацаанд нь, чанартай гүйцэтгэх, тасралтгүй сайжруулах хандлага төлөвшсөн байх

Хүснэгт 2.5. Инженерийн хөтөлбөрийн суралцахуйн үр дүнгийн шалгуур

д/д

Суралцахуйн үр дүн

1

  1. Математик, шинжлэх ухаан, инженерийн мэдлэгийг хэрэглэх

2

  1. Туршилтын загвар гаргах, гүйцэтгэх болон өгөгдлийг задлан шинжлэх, боловсруулах

3

  1. Эдийн засаг, хүрээлэн байгаа орчин, нийгэм, улс төр, ёс зүй, эрүүл мэнд ба аюулгүй ажиллагаа, үйлдвэрлэл, тогтвортой байдал зэрэг бодит шаардлагаас урган гарах тухайн хэрэгцээнд нийцсэн үйл ажиллагаа эсвэл системийг бүтээх

4

  1. Олон чиглэлийн мэргэжлийн багт ажиллах

5

  1. Инженерийн чиглэлийн аливаа асуудлыг тодорхойлох, томъёолох, шийдвэрлэх

6

  1. Мэргэжлийн болон ёс зүйн хариуцлагаа ойлгох, ухамсарлах

7

  1. Үр дүнтэй харилцах

8

  1. Инженерийн шийдлийн дэлхий, эдийн засаг, хүрээлэн байгаа орчин, нийгэмд хэрхэн нөлөөлөхийг ойлгох өргөн хүрээний мэдлэгтэй байх

9

  1. Насан туршийн боловсролын хэрэгцээг ойлгох, суралцахыг эрмэлзэх

10

  1. Орчин үеийн асуудлын тухай мэдлэгтэй байх

11

  1. Инженерийн дадлага ажилд  шаардлагатай техник,  ур чадвар, орчин үеийн инженерийн багаж хэрэгслийг ашиглах

Хүснэгт 2.6. Хэрэглээний шинжлэх ухааны хөтөлбөрийн суралцахуйн үр дүнгийн шалгуур

д/д

Суралцахуйн үр дүн

1

  1. Математик, шинжлэх ухаан, хэрэглээний шинжлэх ухааны мэдлэгээ хэрэглэх

2

  1. Туршилтын загвар гаргах, гүйцэтгэх болон өгөгдлийг задлан шинжлэх, боловсруулах

3

  1. Тухайн хэрэгцээнд нийцсэн үйл ажиллагаа, систем эсвэл програмыг томъёолох, бүтээх

4

  1. Олон чиглэлийн мэргэжлийн багт ажиллах

5

  1. Хэрэглээний шинжлэх ухааны чиглэлийн аливаа асуудлыг тодорхойлох, шийдвэрлэх

6

  1. Мэргэжлийн болон ёс зүйн хариуцлагаа ойлгох, ухамсарлах

7

  1. Үр дүнтэй харилцах

8

  1. Тухайн шийдэл нь дэлхий хэмжээнд болон нийгэмд хэрхэн нөлөөлөхийг ойлгох өргөн хүрээний мэдлэгтэй байх

9

  1. Насан туршийн боловсролын хэрэгцээг хүлээн зөвшөөрөх, суралцахыг эрмэлзэх

10

  1. Орчин үеийн асуудлын тухай мэдлэгтэй байх

11

  1. Мэргэжлийн дадлага ажилд  шаардлагатай техник,  ур чадвар, орчин үеийн шинжлэх ухааны  болон техникийн багаж хэрэгслийг ашиглах

 

Хүснэгт 2.7. Програм хангамж, тооцооллын хөтөлбөрийн суралцахуйн үр дүнгийн шалгуур

д/д

Суралцахуйн үр дүн

1

  1. Тухайн салбар чиглэл болон хөтөлбөрийн суралцахуйн үр дүнтэй холбоотой програм хангамж, математикийн мэдлэгээ хэрэглэх

2

  1. Асуудлыг задлан шинжлэх, түүний шийдэлтэй холбоотой програм хангамжийн шаардлагыг илрүүлэх, тодорхойлох

3

  1. Тухайн хэрэгцээнд нийцсэн компьютерт суурилсан систем, үйл ажиллагаа, бүрэлдэхүүн хэсгүүд, эсвэл програм  хангамжийг зохиох, хэрэгжүүлэх, үнэлэх

4

  1. Тодорхой зорилго хүрэхийн тулд багаар үр бүтээлтэй ажиллах

5

  1. Мэргэжлийн, ёс зүйн, хууль эрх зүйн, нууцлал хамгааллын, нийгмийн аливаа асуудлууд болон үүрэг хариуцлагаа ойлгох, ухамсарлах

6

  1. Харилцагчдын хүрээнд үр дүнтэй харилцах

7

  1. Програм хангамж, тооцоолол нь хувь хүн, байгууллага, нийгэмд хэрхэн нөлөөлөхийг тодорхой болон өргөн хүрээн задлан шинжлэх

8

  1. Тасралтгүй мэргэжлээ дээшлүүлэх хэрэгцээг хүлээн зөвшөөрөх, эрмэлзэх

9

  1. Програм хангамж, тооцооллын дадлага ажилд  шаардлагатай одоогийн техник,  ур чадвар болон хэрэгслийг ашиглах

Хүснэгт 2.4-өөс 2.7-д үзүүлсэн суралцахуйн үр дүн нь бакалаврын түвшний оюутны эзэмших мэдлэг, ур чадвар, хандлагын доод шалгуурыг тогтоож өгнө. Тухайн хөтөлбөрөөр олон улсын түвшинд хүлээн зөвшөөгдөх төгсөгч  бэлтгэнэ гэвэл энд заасан үр дүн бүрийг хөтөлбөрийн суралцахуйн үр дүнд тусгаж оюутанд хэрхэн эзэмшүүлэх сургалтын үйл ажиллагаа болон үнэлгээг төлөвлөсөн байх ёстой. Мөн суралцахуйн үр дүн бүхэн үйл үгээр илэрхийлэгдсэн байгаа бөгөөд эдгээр нь тухайн үр дүнг оюутан ямар түвшинд эзэмшихийг илэрхийлнэ. Тухайлбал математик, суурь шинжлэх ухааны мэдлэгийг хэрэглэх(Apply) гэж заасан нь Блумын танин мэдэхүй, сэтгэлгээний талбарын хэрэглээний түвшинг илэрхийлэх учраас энэ түвшний мэдлэг, ур чадвартай болгоход хөтөлбөрийн PLOs болон хичээлийн CLOs чиглэх ёстой.

Тухайн хөтөлбөрийн PLOs тодорхойлохдоо энэ мэт магадлан итгэмжлэлийн шалгуурыг шууд авч хэрэглэж болохоос гадна хөтөлбөрийн онцлогт тохируулан PLOs-г шинээр тодорхойлж болно. Хэрэв тухайн хөтөлбөрт тохируулан тодорхойлсон тохиолдолд дотоодын эсвэл олон улсын магадлан итгэмжлэлийн шаардлагыг хөтөлбөрийн суралцахуйн үр дүн хэр хангаж байгааг шалгах үүднээс эдгээрийн хамаарлыг харуулсан матриц заавал гаргах шаардлагатай. Хүснэгт 2.8-д энэ хамаарлыг жишээ байдлаар үзүүлэв.

Хүснэгт 2.8. Хөтөлбөрийн суралцахуйн үр дүн ба ABET-ийн инженер технологийн суралцахуйн үр дүнгийн хамаарлын жишээ

Хөтөлбөрийн суралцахуйн үр дүн талд ABET байгууллагаас тавьдаг өөр нэг онцлог шалгуур нь хөтөлбөрийн шалгуур(Program criteria) гэгдэх нэмэлт шалгуур байдаг. Тодруулбал тухайн шинжлэх ухааны салбар чиглэл бүрд олон улсын түвшинд үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн холбоо, нийгэмлэг байдаг. Эдгээр байгууллагууд ABET-тай хамтын ажиллагаатай бөгөөд өөрт харъяалагдах хөтөлбөрт суралцахуйн үр дүн буюу төгсөгчдийн мэдлэг, ур чадвар, хандлага талаас нь ABET-аар дамжуулан нэмэлт шаардлагыг тавьдаг ба үүнийг хөтөлбөрийн шалгуур(Program criteria) гэж нэрлэдэг.

Жишээ болгон “Инженер технологийн чиглэлийн хөтөлбөрийг магадлан итгэмжлэхэд тавих шалгуур” баримт бичигт тусгасан хөтөлбөрийн зарим чиглэл болон түүнд хамаарах тэргүүлэх мэргэжлийн холбоог хүснэгт 2.9-д үзүүлэв. Эдгээр хөтөлбөрийн чиглэл бүрд харгалзах мэргэжлийн холбооноос тодорхой нэмэлт шалгуурыг тавьсан байдаг. Өөрөөр хэлбэл тухайн хөтөлбөр ABET-аар магадлан итгэмжлэхийн тулд магадлангийн 3-р шалгуураас гадна харгалзах мэргэжлийн холбооноос тавьсан нэмэлт шалгуурыг хангасан байх ёстой.

Хүснэгт 2.9. Инженер технологийн зарим хөтөлбөрийн чиглэл ба харгалзах мэргэжлийн холбоо

Хөтөлбөрийн чиглэл

Тэргүүлэх мэргэжлийн холбоо

Architectural Engineering Technology

American Society of Civil Engineers

Automotive Engineering Technology

SAE, International

Civil Engineering Technology

American Society of Civil Engineers

Construction Engineering Technology

American Society of Civil Engineers

Electrical/Electronic(s) Engineering Technology

Institute of Electrical and Electronics Engineers

Environmental Engineering Technology

American Academy of Environmental Engineers and Scientists

Industrial Engineering Technology

Institute of Industrial Engineers

Information Engineering Technology

Institute of Electrical and Electronics Engineers

Manufacturing Engineering Technology

Society of Manufacturing Engineers

Mechanical Engineering Technology

American Society of Mechanical Engineers

Surveying/Geomatics Engineering Technology

National Society of Professional Surveyors

Telecommunications Engineering Technology

Institute of Electrical and Electronics Engineers

 

Жишээ болгон Цахилгаан холбооны инженер технологи хөтөлбөрийн тэргүүлэх мэргэжлийн холбоо болох IEEE буюу Цахилгаан, электроник инженерийн институтаас тавьсан нэмэлт шаардлагыг тайлбарлая.

Цахилгаан холбооны инженер технологи хөтөлбөрөөр бакалаврын зэргээр төгсөгч нь дараах шалгуурыг хангасан байна. Үүнд:

  1. Цахилгаан хэлхээ, компьютерийн програмчлал, холбогдох програм хангамжууд, аналог, тоон электроник, ярианы ба өгөгдлийн холбоо, инженерийн стандартуудын хэрэглээ болон цахилгаан холбооны чиглэлийн асуудлын шийдэлтэй холбоотой цахилгаан холбооны системийн зарчмууд;
  2. Байгалын шинжлэх ухаан ба цахилгаан холбооны системийн бүтээн байгуулалт, хяналт тест, ажиллагаа, ашиглалт үйлчилгээтэй холбоотой тригнометр, алгебр болон түүнээс дээш түвшний математикийн хэрэглээ;
  3. Цахилгаан холбооны системийг задлан шинжлэх, зохиох, бүтээх чадвар;
  4. Цахилгаан холбооны системийг зохиох, ашиглалт үйлчилгээ хийх болон бүтээхэд төслийн менежментийн арга техникийн хэрэглэх чадвар;
  5. Холболтын технологи, WAN сүлжээний технологи, тэдгээрийн бодлого төлөвлөлтөд дүн шинжилгээ хийх, хэрэгжүүлэх чадвар;
  6. WAN сүлжээг төлөвлөх, зохиох, удирдах чадвар;
  7. Статистик, магадлал, хувиргалтын аргууд эсвэл хэрэглээний чиглэлийн дифференциал тэгшитгэлийг WAN сүлжээ ба цахилгаан холбооны системд ашиглах чадвар.

Эдгээр  нэмэлт 7 шаардлагыг IEEE байгууллагаас цахилгаан холбооны инженер технологи хөтөлбөрт суралцахуйн үр дүн талаас нь тавьдаг бөгөөд ABET-аар магадлан итгэмжлүүлэхийн тулд эдгээрийг хэр хангаж байгаагаа өөрийн үнэлгээний тайланд дэлгэрэнгүй тайлбарлах, шинжээчдэд зориулж холбогдох нотлох баримтуудыг бүрдүүлсэн байх хэрэгтэй. ABET байгууллагын 4 чиглэлийн комиссын аль нэгээр магадлуулах хөтөлбөр энэ мэт нэмэлт шаардлагыг заавал хангасан байх ёстой тул PLOs буюу хөтөлбөрийн суралцахуйн үр дүнг тодорхойлохдоо нэмэлт шалгууртай уялдуулсан байвал зохино.

Дээр тайлбарласан ABET байгууллагын магадлан итгэмжлэх дүрэм журам, шалгуур, шаардлагуудаас харахад олон улсын түвшинд шинжлэх ухааны салбар чиглэлээс хамаарч өөр өөр магадлан итгэмжлэлийн байгууллагууд үйл ажиллагаа явуулж байгаа хэдий ч ҮДСБ-ын үйл ажиллагаанд чиглэсэн шалгууртай тохиолдолд тухайн байгууллагаар магадлан итгэмжлүүлэх хөтөлбөр заавал суралцахуйн үр дүнгийн жагсаалт гаргасан байх ба тэр нь тухайн магадлангийн байгууллагаас шаардаж байгаа суралцахуйн үр дүнг багтаасан байх ёстойг хөтөлбөр боловсруулах, суралцахуйн үр дүн тодорхойлохдоо заавал анхаарах шаардлагатай.


ХОЛБООТОЙ СЭДВҮҮД:

1. СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРТ ТАВИГДАХ ҮНДСЭН ШААРДЛАГА 

2. ДОТООД, ГАДААДАД СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР МАГАДЛАН ИТГЭМЖЛҮҮЛЭХЭД ТАВИГДАХ ШАЛГУУР, ШААРДЛАГА    

3. ҮР ДҮНД СУУРИЛСАН БОЛОВСРОЛЫН CDIO СТАНДАРТ, АРГА ЗҮЙН ШАЛГУУР, ШААРДЛАГА 

4. СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙГ ДОТООДЫН БОЛОН ОЛОН УЛСЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛД БЭЛТГЭХ АРГА ЗҮЙ 


Их дээд сургуулийн зэрэглэл тогтоодог аргачлалуудын талаарх судалгааны ажлаас 

 METHODOLOGY FOR OVERALL AND SUBJECT RANKINGS FOR THE TIMES HIGHER EDUCATION WORLD UNIVERSITY RANKINGS 2019

Developing future skills in higher education: ET2020 Working Group on Modernisation of Higher Education: Peer Learning Activity (PLA)