4. СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙГ ДОТООДЫН БОЛОН ОЛОН УЛСЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛД БЭЛТГЭХ АРГА ЗҮЙ
4.1. Дээд боловсролын салбарт хэрэгжүүлж байгаа сургалттай холбоотой үйл ажиллагаа, шийдвэрлэх асуудал
4.2.Сургалтын хөтөлбөрийг дотоодын болон олон улсын магадлан итгэмжлэлд бэлтгэх, өөрийн үнэлгээ хийхэд тавигдах нийтлэг шалгуур тодорхойлох нь
4.3. Сургалтын хөтөлбөрийн үнэлгээ, тасралтгүй сайжруулалт
4.1. СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙГ ДОТООДЫН БОЛОН ОЛОН УЛСЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛД БЭЛТГЭХ АРГА ЗҮЙ
-
- Дээд боловсролын салбарт хэрэгжүүлж байгаа сургалттай холбоотой үйл ажиллагаа, шийдвэрлэх асуудал
Монгол Улсын дээд боловсролын салбарын хөгжлийн бодлого нь “Дэлхийн тогтвортой хөгжлийн хөтөлбөр-2030”, “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” болон “Боловсрол үндэсний хөтөлбөр”, “Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого”-той тус тус уялдаж, мэдлэгт суурилсан нийгмийг байгуулах, эдийн засгийн хөгжлийг хурдасгах, хүмүүсийн амьдралыг дээшлүүлэх, нийгмийн тэгш байдлыг баталгаажуулахад дэмжлэг үзүүлэх дээд боловсролын үр дүнтэй тогтолцоог бий болгоход чиглэж байна.
Сүүлийн жилүүдэд “Боловсрол үндэсний хөтөлбөр”, “Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого”-ийн дээд боловсролтой холбоотой зорилго, зорилтуудыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд салбарт сургалтын чиглэлээр олон өөрчлөлт, шинэчлэлт хийгдэж байна. Тухайлбал:
- Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2014 оны А/78 болон А/370 дугаар тушаалуудаар ЮНЕСКО-гоос гаргасан “Боловсролын олон улсын стандарт ангилал”-ын дагуу хөтөлбөрийн чиглэл, индексийг шинэчилэн бакалаврын 817 мэргэжлийн чиглэлийг 181 багц хөтөлбөр, магистрын 344 мэргэжлийн чиглэлийг 71 багц хөтөлбөр, докторын 118 мэргэжлийн чиглэлийг 49 багц хөтөлбөр болгон тус тус өөрчлөн баталсан байна.
- БСШУЯ-ны сайдын 2014 оны А/174 тушаалаар баталсан “Бакалаврын хөтөлбөрт тавих нийтлэг шаардлага”, мөн сайдын 2014 оны А/370 тоот тушаалаар баталсан “Магистр, докторын сургалт эрхлэх нийтлэг журам” зэрэг баримт бичигт дээд боловсролын хөтөлбөрт тавигдах нийтлэг шаардлагыг тодорхойлсон бөгөөд энэ дагуу бүх дээд боловсролын байгууллага сургалтын хөтөлбөрөө шинэчлэн боловсруулаад байна.
- 2012 оноос эхэлсэн Азийн Хөгжлийн Банкны санхүүжилттэй дээд боловсролын шинэчлэлийн төслийн ШУТИС-ийн инженер технологийн зарим хөтөлбөрт олон улсын инженерийн боловсролын CDIO стандарт, арга зүйг нэвтрүүлэх дэд төслийн хүрээнд ШУТИС, ХААИС, МУИС, СУИС, БХИС, МУБИС болон бусад хувийн дээд боловсролын байгууллагуудын багш нарын заах арга зүйн чадварыг дээшлүүлэх чиглэлээр мэргэжил дээшлүүлэх сургалтыг үе шаттайгаар эрчимтэй зохион байгуулж байна.
- Мөн энэ төслийн хүрээнд дотоодын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн тогтолцоог боловсронгуй болгож олон улсын стандартад нийцүүлэх зорилгоор Герман улсын ASIIN байгууллагатай түншлэлийн хөтөлбөр хэрэгжүүлэх, олон улсад 7, дотоодод 20 хөтөлбөр магадлан итгэмжлүүлэх зэрэг сургалттай холбоотой олон дэд төслийг амжилттэй хэрэгжүүлж байна.
Сургалттай холбоотой шийдвэрлэх асуудлууд:
Төрийн бодлогын хэрэгжилтийн хүрээнд зарим дээд боловсролын байгууллагуудын сургалтын үйл ажиллагаанд тодорхой ахиц дэвшил, эерэг үр дүнгүүд гарч байгаа хэдий ч бүх дээд боловсролын байгууллагын түвшинд авч үзвэл үр дүн харилцан адилгүй, сургалттай холбоотой олон асуудал шийдлээ хүлээсэн хэвээр байна.
Хөтөлбөрийн суралцахуйн үр дүнг дэлхийн болон монгол улсын хөгжлийн бодлого, хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулан оновчтой тодорхойлж чадахгүй байна.
Дээд боловсролын байгууллагууд БСШУЯ-ны сайдын 2014 оны А/174 тушаалаар баталсан “Бакалаврын хөтөлбөрт тавих нийтлэг шаардлага”, мөн сайдын 2014 оны А/370 тоот тушаалаар баталсан “Магистр, докторын сургалт эрхлэх нийтлэг журам”-ийн дагуу сургалтын хөтөлбөрийг шинэчилэн боловсруулж 2014-2015 оны хичээлийн жилээс мөрдөж байна.
Эдгээр журмуудад заасан хөтөлбөр боловсруулах дараалал нь үр дүнд суурилсан сургалтын хөтөлбөр боловсруулах зарчимд суурилсан. Сургалтын хөтөлбөрийг 12 бүрэлдэхүүн хэсэгт хуваасан ба 2 дахь хэсэгт хөтөлбөрийн зорилго, зорилт болон хөтөлбөрийн төгсгөлд хүрэх үр дүн буюу оюутны эзэмших мэдлэг, чадвар, чадамжийг тодорхойлсон байна гэж заасан. Дараа нь сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөр, сургалтын арга зүй, багшид тавих шаардлага, сургалтын үнэлгээ зэрэг бүрэлдэхүүн хэсгүүдийг тодорхойлно.
Энд хөтөлбөрийн суралцахуйн үр дүнг хувь хүний болон мэргэжлийн ур чадвар, дадал төлөвшил, хүмүүстэй харилцах ур чадвар, мэргэжлийн хичээлээр эзэмших мэдлэг, ур чадвар гэсэн бүтэцтэй байхаар тогтоож өгсөн байна. Энэ нь хөтөлбөрийн суралцахуйн үр дүн зөвхөн мэдлэг олгоход чиглэх бус оюутанд олон талт чадамж буюу мэдлэг, ур чадвар, хандлагыг цогцоор эзэмшүүлэхэд чиглэх ёстойг баталгаажуулж байна.
Ихэнх дээд боловсролын сургалтын байгууллага өөрийн сургуулийн хэмжээнд мөрдөх сургалтын хөтөлбөр боловсруулах удирдамжийг энэ журамд нийцүүлэн боловсруулж түүний дагуу 3 түвшний сургалтын хөтөлбөрүүдээ боловсруулсан байна.
Үр дүн суурилсан зарчмаар сургалтын хөтөлбөр боловсруулахад хамгийн гол нь суралцахуйн үр дүнг маш сайн тодорхойлж түүнтэй уялдаатайгаар дараа, дараагийн боловсруулалтыг ажлыг гүйцэтгэх ёстой. Энэ шалгуурын дагуу төрийн өмчийн 6 их сургуулийн мэдээллийн технологийн чиглэлийн бакалаврын сургалтын хөтөлбөрт дүн шинжилгээ хийж үзэхэд дараах нийтлэг дутагдалууд ажиглагдлаа. Үүнд:
- Сургалтын хөтөлбөрийн боловсролын зорилт нь сургуулийн алсын хараа, эрхэм зорилго болон төрөөс баримталж байгаа бодлоготой уялдаагүй;
- Хөтөлбөрийн суралцахуйн үр дүнг оюутны эзэмших мэдлэг, ур чадвар, хандлага талаас нь ойлгож боловсруулаагүй, зарим хөтөлбөр нь суралцахуйн үр дүнг огт тодорхойлоогүй байна;
- Дээрх журамд заасан иргэн хүний үнэт зүйл, ёс суртахуун, төлөвшил, хандлага талын үр дүн хөтөлбөрийн зорилт болон суралцахуйн үр дүнд тусаагүй байна;
- Хөтөлбөрийн суралцахуйн үр дүн (мэдлэг, ур чадвар, хандлага) нь хөтөлбөрийн зорилт, сургалтын төлөвлөгөөнд байгаа хичээл, сургалтын арга зүй, сургалтын үнэлгээтэй огт уялдаагүй байна
Тухайн хөтөлбөрөөр төгсөх оюутан ямар чадамжтай буюу юу мэддэг, чаддаг, ямар ёс суртахуун, төлөвшилтэй хүн байх вэ гэдгийг суралцахуйн үр дүн байдлаар зөв тодорхойлоогүй тохиолдолд сургалтын хөтөлбөрт байх хичээлүүд, тэдгээрийн агуулга, сургалт явуулах арга зүй, сургалтын үнэлгээ хэзээ ч зөв төлөвлөгдөж чадахгүй.
Хөдөлмөр, нийгэм хамгааллын судалгааны институтийн явуулсан судалгаагаар хөдөлмөр эрхэлж буй төгсөгчдийн хамгийн ихээр нэрлэсэн ур чадварын дутагдал нь багаар ажиллах, харилцааны ур чадвар, гадаад хэлний мэдлэг, математик сэтгэлгээ, тооцоолон бодох ур чадвар зэрэг болохыг тогтоосон байна.
Иймээс хөтөлбөрийн суралцахуйн үр дүнг дэлхийн болон монгол улсын хөгжлийн бодлого, хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулан хэрхэн оновчтой тодорхойлох талаар арга зүйн материалаар хангах, багш нарыг сургах үйл ажиллагааг бүх дээд боловсролын байгууллагуудын түвшинд зохион байгуулах шаардлагатай байна.
Дээд боловсролын байгууллагуудын бүх шатны сургалтын хөтөлбөр боловсруулалт шаардлагын түвшинд хүрэхгүй байна.
Дээд боловсролын сургалтын байгууллагууд яамнаас гаргасан журамд үндэслэн сургалтын хөтөлбөрүүдээ боловсруулж сургуулийнхаа эрдмийн зөвлөлөөр хэлэлцэн баталж, мөрдөж байна.
ШУТИС, МУБИС зэрэг зарим сургууль дээр хөтөлбөр боловсруулалт харьцангуй боломжийн түвшинд байгаа боловч бүх дээд боловсролын байгууллагын хэмжээнд авч үзвэл боловсруулалтын түвшинд хангалтгүй байна.
Хамгийн гол нь суралцахуйн үр дүнгээ зөв тодорхойлж чадаагүйгээс хөтөлбөрийн дараа, дараагийн бүрэлдэхүүн хэсгүүд үр дүн рүү чиглэсэн байдлаар төлөвлөгдөж чадаагүй байна.
Ихэнх дээд боловсролын байгууллага уламжлалт ойлголтоор зөвхөн сургалтын төлөвлөгөө буюу хичээлийн нэр, төрөл, багц цагийн хуваарилалт, заагдах улирал ямар байх талаар л хэлэлцэж, түүнийг тойрсон асуудлыг шийдэх гэж зорьж байгаа нь сургалтын чанарт ахиц дэвшил гарах нөхцөл, боломжийг хязгаарлаж байна.
Иймээс сургалтын хөтөлбөрийг сургалтын төлөвлөгөө мэтээр хардаг уламжлалт сэтгэхүйгээс салж хөтөлбөрийг журамд заасан шалгуурт нийцүүлэн төгс боловсруулах, үүний тулд мөн л багш нарт чиглэсэн сургалт, арга зүйн зөвлөмж нэн тэргүүнд шаардлагатай байгаа нь харагдаж байна.
Дээд боловсролын байгууллагуудын сургалтын орчин, арга зүй нь суралцагчийн хэрэгцээ шаардлагыг хангахгүй байна
Дээд Боловсрол Судлалын Монголын Нийгэмлэгээс 2017 онд “Дээд боловсролын үйлчилгээний чанар үнэлгээ, дээд боловсролын сургалтын технологийг боловсронгуй болгон хөгжүүлэх асуудал” сэдэвт онлайн судалгааг нийт 278 хүнээс авч дүгнэсэн байна.
Судалгааны үр дүнгээс харахад дээд боловсролын сургалтын үйлчилгээний чанарыг сайн байлгахын тулд орчин үеийн стандарт хангасан сургалтын орчинг бий болгох, багшийн хандлага, заах арга зүйн чадварыг дээшлүүлэх, элсэгчдийн суурь чадамжийн түвшинг дээшлүүлэх чиглэлд түлхүү анхаарах шаардлагатай гэсэн дүн гарсан байна.
Үнэхээр ч бодит байдалд дээд боловсролын байгууллагуудын сургалтын орчин, сургалтанд ашиглаж байгаа арга зүй ихээхэн хоцрогдсоныг олон жишээгээр баталж болно.
Шинэ зууны оюутнууд өөрийн суралцаж байгаа, эсвэл сонирхож байгаа чиглэлийн мэдлэг, чадварыг олон эх үүсвэрээс бие даан олж авах боломж аль эрт бий болсон. Тухайлбал интернэт ашиглан “Google” хайлтын системээс, мөн “youtube” видео сангаас дуртай мэдээллээс хайн олж бие даан судлах боломжтой.
Ийм нөхцөлд дээд боловсролын сургалтыг багш төвтэй зарчмаар, багш мэдлэг дамжуулах хэлбэрээр зохион байгуулах хандлага нийтлэх хэвээр байна. Тухайлбал дурын их, дээд сургуулийн лекц, семинарын хичээл багш урьдчилан бэлтгэж ирсэн үзүүлэн (PPT) хэлбэртэй материалыг танилцуулж оюутнууд хуулж авах, дараа нь тэмдэглэж авсан материалын түвшинд шалгалт зохион байгуулж тэдний сурсан мэдлэгийг үнэлэх хэлбэр голлож байна.
Гэтэл дэлхийн улс орнуудад дээрх хэлбэрийн сургалтаас аль болох зайлсхийж оюутнуудад хичээлийн материалыг урьдчилан түгээж бие даан судлуулах, танхмийн хичээлийн цаг дээр бие даан судалсан агуулгын хүрээнд асуудал шийдвэрлэх даалгавар өгч багаар ажиллуулан мэдлэгийг хэрэглээ болгох ур чадвар эзэмшүүлэхэд голлон анхаардаг болсон байна.
Оюутан төвтэй суралцахуйн арга, хэлбэр голлож байгаатай уялдуулан сургалтын орчинг оюутнууд багаар ажиллах, хэлэлцүүлэг өрнүүлэх, бие даан суралцах боломжийг бүрдүүлэн өөрчлөн шинэчилж байна.
Мөн мэдээлэл холбооны технологийг хичээлийн материалыг түгээх, сургалтын үнэлгээг зохион байгуулах зэрэг цахим хэлбэрийн сургалтанд өргөн ашиглаж байгаа нь суралцагчдын сонирхлыг татсан, цаг хугацаа хэмнэсэн, олон эх үүсвэрээс суралцах боломжийг олгосон шинэлэг сургалтын арга зүйд тооцогдож байна.
Иймээс хичээлийн анги танхмийн зохион байгуулалт, тохижилтыг өөрчлөх, сургалтанд шинэ технологи, арга зүй ашиглах, цахим сургалтын технологийг өргөн ашиглах, эдгээр чиглэлүүдэд багш нарыг чадваржуулахад анхаарах шаардлагатай байна.
Дээд боловсролын байгууллагуудад сургалтын чанарын дотоод баталгаажуулалтын тогтолцоо бүрэн төлөвшөөгүй байна.
Дээд боловсролын сургалтын байгууллагууд чанарын баталгаажуулалтын асуудлыг зөвхөн хөтөлбөрийн магадлан итгэмжлэлээр төсөөлж ойлгож ирсэн гэхэд хилсдэхгүй. Өөрөө хэлбэл БМИҮЗ-өөр тухайн хөтөлбөрийг магадлан итгэмжлүүлэхдээ зөвхөн магадлан итгэмжлэлийн гэрчилгээ авахын тулд л тухайн цаг хугацаанд өөрийн үнэлгээний тайлан бичиж сургалтын үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийдэг, бусад үед нь чанарын асуудлыг бараг ярьдаггүй жишиг манай их, дээд сургуулиудад тогтсон гэж хэлж болно.
Үр дүнд суурилсан боловсролын тогтолцооны үед сургалтын хөтөлбөр зорьсон үр дүндээ хүрсэн эсэхийг сургалтын орц, явц, гарц бүрд үнэлэх, үнэлгээндээ суурилан чанарын сайжруулалтыг тогтмол хийдэг байх ёстой. Өөрөөр хэлбэл зөвхөн магадлан итгэмжлэлээр бус чанарын дотоод баталгаажуулалтаар сургалтын чанарыг тасралтгүй дээшлүүлэх арга зүйг нэвтрүүлж хэвшүүлсэн байх ёстой.
Чанарын дотоод баталгаажуулалт нь хөтөлбөрийг үнэлэх мөн байгууллагын дотоод менежментийг үнэлэх хоёр үндсэн чигтэй хэрэгждэг.
Монголын дээд боловсролын байгууллагуудад сургалтын хөтөлбөрөө болон байгууллагаа үнэлж, сайжруулах тогтолцоо хэр бүрдсэнийг судлах зорилгоор БМИҮЗ-ээс их, дээд сургуулийн удирдах ажилтнуудаас судалгаа авахад их, дээд сургуулийн 59% нь чанарын дотоод баталгаажуулалтын албыг байгуулсан гэсэн байна. Чанарын дотоод баталгаажуулалтын албатай сургуулиудын 40% нь үйл ажиллагаа нь жигдрээгүй, 20% нь эхлэл төдий байгаа гэсэн бол, энэ талын үйл ажиллагаа эхлээгүй байгаа сургуулиуд нь хөгжлийн төлөвлөгөөндөө чанарын дотоод баталгаажуулалтын алба байгуулахыг зорьж байгаагаа илэрхийлсэн байна.
Их, дээд сургуулиудад чанарын дотоод баталгаажуулалтын алба, нэгжийн үйл ажиллагааг идэвхжүүлэхэд ямар бэрхшээл тулгарч байгааг тодруулахад, 89% нь мэргэшсэн мэргэжилтэн байхгүй, 44% нь арга зүйн мэдээлэл, мэдлэг дутмаг байна гэж хариулсан байна.
Энэхүү судалгааны дүн болон сургуулиудын магадлан итгэмжлүүлэхээр ирүүлсэн өөрийн үнэлгээний тайланд хийсэн дүгнэлтээс үзэхэд их, дээд сургуулиудын чанарын дотоод баталгаажуулалтын нэгж нь байгууллагын санхүү, менежментийг үнэлэх дотоод аудит талдаа тодорхой хэмжээний туршлага хуримтлуулсан хэдий ч хөтөлбөрийн чанарыг дотооддоо үнэлэх үйл ажиллагаа талд хангалтгүй, хөтөлбөрийг үнэлэх мэргэшсэн хүний нөөц дутмаг байгаа нь харагдаж байна.
Иймээс хөтөлбөрийн сургалтын чанарыг тасралтгүй үнэлж, сайжруулдаг чанарын соёлыг хэвшүүлэх үндсэн арга зам нь их, дээд сургуулиудын чанарын дотоод баталгаажуулалтын албаны үйл ажиллагаа учраас энэ талаар дээд боловсролын байгууллагын түвшинд зохион байгуулалттайгаар томоохон ажлуудыг хэрэгжүүлэх шаардлагатай.
Дээд боловсролын сургалтын байгууллагын багш нарын мэргэжил дээшлүүлэх, заах арга зүйн чадварыг хөгжүүлэх нэгдсэн бодлого, үйл ажиллагаа дутагдалтай байна.
Дээд боловсролын сургалтын байгууллагын гол хөдөлгөгч хүч нь профессор, багш нар байх ёстой. Орчин үед багш төвтэй сургалтаас оюутан төвтэй сургалтанд шилжиж байгаа нь багшийн үүрэг багасна гэсэн үг биш юм. Уламжлалт сургалтын тогтолцоонд багш мэдлэгийн уурхай байж багшаас суралцах хэлбэр голлож байсан бол орчин үед багш мэдлэгийн уурхай байхаас гадна сургалтыг удирдах менежерийн үүргийн давхар гүйцэтгэдэг болсон. Өөрөөр хэлбэл сургалтыг аль болох оюутны суралцах үйлийг дэмжсэн шинэлэг арга зүйгээр зохион байгуулах, оюутны эзэмшсэн суралцахуйн үр дүнгийн ахиц дэвшил, түвшинг зөв үнэлэх талаар илүү мэргэжсэн байх ёстой.
Ихэнх дээд боловсролын сургалтын байгууллагуудад 2014 оноос эхлэн үр дүнд суурилсан боловсролын онол арга зүй нэвтэрч хөтөлбөр боловсруулах, сургалт шинэ арга зүй нэвтрүүлэх, сургалтын үнэлгээ, чанарын баталгаажуулалтын чиглэлээр багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалтуудыг зохион байгуулж эхэлсэн хэдий ч сургалтын материал дутмаг; шинэ арга зүйд суралцах багш нарын хандлага сул; төлөвлөлт,зохион байгуулалт тааруу; санхүүгийн эх үүсвэр хангалтгүй; төрөөс баримтлах бодлого, эрх зүйн орчин бүрдээгүй зэрэг шалтгаанаар үр дүн хангалтгүй түвшинд байна.
Иймээс БСШУСЯ-наас 2018 оныг багшийн хөгжлийг дэмжих болгон зарласантай холбоотой дээд боловсролын салбарын багшийн хөгжил, тэр дундаа багш нарын заах арга зүйн чадварыг дээшлүүлэхэд онцгой анхаарч шаардлагатай байна.
Дээр дурдсан сургалттай холбоотой шийдвэрлэх асуудлуудад дүн шинжилгээ хийж дараах дүгнэлтүүдийг гаргаж болохоор байна. Үүнд:
- Ихэнх асуудал төлөвлөлтийн шатанд буюу сургалтын хөтөлбөр боловсруулалттай холбоотой нь харагдаж байна.
- Хэрэгжүүлэлтийн шатанд чанарын баталгаажуулалтын тогтолцоог зөв, оновчтой байдлаар нэвтрүүлж, хэвшүүлснээр хүссэн үр дүнд хүрэх боломж бий болно.
- Хүссэн үр дүнд хүрсэн эсэхэд үнэлэлт, дүгнэлт өгөх, тасралтгүй сайжруулахын тулд хөтөлбөрт өөрийн үнэлгээ хийх, мөн дотоод, гадаадын магадлан итгэмжлэлийн байгууллагаар тухайн хөтөлбөрийг магадлан итгэмжлүүлэх нь хамгийн оновчтой шийдэл байх болно.
4.2. Сургалтын хөтөлбөрийг дотоодын болон олон улсын магадлан итгэмжлэлд бэлтгэх, өөрийн үнэлгээ хийхэд тавигдах нийтлэг шалгууруудыг тодорхойлох нь
Өмнөх бүлгүүдэд өгүүлснээс харахад сургалтын хөтөлбөрийг дотоод, гадаадад магадлан итгэмжлүүлэх, CDIO стандарт, арга зүй нэвтрүүлэх үйл ажиллагааны хүрээнд 12 стандартын дагуу өөрийн үнэлгээ хийх зэрэгт ялгаатай шалгуур, шаардлагыг ашиглаж байна. Өөрөө хэлбэл аль ч тохиолдолд өөрийн үнэлгээний тайлан бэлтгэх бөгөөд үүний тулд өөр өөр шалгуурын дагуу ялгаатай тайлан бэлтгэх шаардлага бий болж байна.
Иймээс сургалтын үйл ажиллагааны хэрэгжилтэд үнэлэлт дүгнэлт өгч тасралтгүй сайжруулах зорилгоор өөрийн үнэлгээ хийх, мөн дотоод, гадаадын магадлан итгэмжлэлд орох зорилгоор өөрийн үнэлгээний тайлан бичихэд ашиглаж болох нийтлэг шалгуур шаардлагыг боловсруулах нь үйл ажиллагааг хөнгөвчлөх, сургалтын ажлын үр дүнг дээшлүүлэх зэрэг олон давуу талтай гэж үзэж нийтлэг шалгуурыг дараах байдлаар томъёолж байна.
Хүснэгт 4.1. Сургалтын хөтөлбөрийг үнэлэх нийтлэг шалгуур
д/д |
Шалгуур |
Тодорхойлолт |
Дэд шалгуур |
1 |
Суралцахуйн үр дүнгийн төлөвлөлт |
Оролцогч болон сонирхогч талуудын хэрэгцээг хангахад чиглүүлж хөтөлбөрийн зорилго зорилт, суралцахуйн үр дүнгүүдийг оновчтой тодорхойлсон байна. |
Хөтөлбөрийн хэрэгцээ, шаардлага |
Хөтөлбөрийн боловсролын зорилтууд |
|||
Хөтөлбөрийн суралцахуйн үр дүнгүүд |
|||
2 |
Сургалтын хөтөлбөр төлөвлөлт |
Сургалтын хөтөлбөр нь сургуулийн эрхэм зорилгод нийцэж, хөтөлбөрийн суралцахуйн үр дүнд чиглэсэн, цогц чадамжид суурилсан, агуулга, арга зүй нь тасралтгүй хөгжин сайжирдаг байна. |
Сургалтын төлөвлөгөө |
Суралцахуйн үр дүн ба хичээл хоорондын хамаарал |
|||
Оюутанд олон талт ур чадвар олгох хичээл, төсөл, дадлага |
|||
Хичээлийн хөтөлбөрүүд |
|||
Сургалтын хэлбэр, арга зүй |
|||
Сургалтын явцын болон эцсийн үнэлгээний арга зүй |
|||
3 |
Хөтөлбөр хэрэгжүүлэх орчин, нөөц |
Хөтөлбөрийн зорилт, суралцахуйн үр дүнгийн гүйцэтгэлийн түвшинг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэхүйц шаардлагатай нөөцийг бүрдүүлсэн байна. |
Сургалтын орчин, анги танхим, лаборатори |
Сургалтын хэрэглэгдэхүүн |
|||
Сурах бичиг, мэдээллийн эх үүсвэр |
|||
4 |
Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт |
Хөтөлбөрийн удирдлага нь сургуулийн алсын хараа, эрхэм зорилгод нийцүүлэн сургалтын үйл ажиллагааг чанартай, тасралтгүй явуулахад нөөцийг оновчтой хуваарилж; хөдөлмөрлөх, суралцах таатай орчинг бүрдүүлэн хөтөлбөрийн хөгжлийг хангахуйц стратеги, менежмент, маркетингийг хэрэгжүүлнэ. |
Хөтөлбөрийн удирдлагын үйл ажиллагаа, манлайлал |
Хамтын ажиллагаа, нийгэмд үзүүлэх үйлчилгээ |
|||
Санхүүгийн төлөвлөлт, дэмжлэг |
|||
Хөтөлбөрийн маркетинг, нээлттэй, ил тод байдал |
|||
5 |
Суралцагчид чиглэсэн үйлчилгээ |
Тухайн хөтөлбөрөөр суралцагчдын оролцоог ханган бие даан амжилттай суралцахад чиглэсэн дэмжих үйл ажиллагааг хүртээмжтэй, ашиг сонирхолд нь нийцүүлэн үр дүнтэй хэрэгжүүлдэг байна. |
Суралцагч сонгох, элсүүлэх |
Зөвлөн туслах үйлчилгээ |
|||
Суралцагчийн олон нийтийн оролцоо, урамшуулал |
|||
Суралцагчийн шилжилт, хөдөлгөөн |
|||
Төгсөлтийн үйл ажиллагаа |
|||
6 |
Багшлах бүрэлдэхүүн |
Багшийн үйл ажиллагаа нь хөтөлбөрийн үр дүнг амжилттай хэрэгжүүлж, хөгжүүлэхэд чиглэсэн байна. |
Багшийн сонгон шалгаруулалт, зэрэглэл, урамшууллын бодлого |
Багшийн мэргэжлийн болон заах арга зүйн хөгжил |
|||
Эрдэм шинжилгээ, судалгаа |
|||
Багшийн үнэлгээ |
|||
7 |
Чанарын үнэлгээ, баталгаажилт |
Хөтөлбөрийг тасралтгүй хөгжүүлэхэд чиглэгдсэн дотоод чанарын баталгаажуулалтын механизмтай, хөндлөнгөөс үнэлүүлдэг байна. |
Хөтөлбөрийн чанарын дотоод баталгаажуулалтын тогтолцоо |
Хөтөлбөрийн үр дүнгийн(PEOs, PLOs) үнэлгээний төлөвлөлт, хэрэгжүүлэлт |
|||
Хөтөлбөрийг тасралтгүй сайжруулах үйл ажиллагааны төлөвлөгөө |
Хүснэгт 4.1-д үзүүлсэн шалгуурын дагуу сургалтын үйл ажиллагааг нарийн төлөвлөн энэ дагуу өөрийн үнэлгээний тайлан бэлтгэж үйл ажиллагаандаа тасралтгүй сайжруулалт хийх, дотоод, гадаадад магадлан итгэмжлэл хийлгэхэд бэлтгэх ёстой. Өөрөө хэлбэл сургалтын үйл ажиллагааг дээрх шалгуурын дагуу төлөвлөснөөр үр дүнг олон чиглэлд ашиглах боломж бүрдэнэ гэж үзэж байна.
Дээрх 7 шалгуураас хамгийн чухал нь 1, 2, 3, 6, 7 дугаар шалгуур байна. Өөрөөр хэлбэл эдгээр чиглэлд илүү анхаарч ажиллах шаардлагатай. Жишээ болгон 7-р шалгуурын дагуу үйл ажиллагааг хэрхэн төлөвлөх, хэрэгжүүлэхийг доор үзүүлэв.
4.3. Сургалтын хөтөлбөрийн үнэлгээ, тасралтгүй сайжруулалт
БСШУСЯ-аас гаргасан хөтөлбөрт тавих шаардлагын 2.10 заалтад “хөтөлбөрийн чанарыг үнэлэх судалгааг хэрхэн зохион байгуулах талаар үйл ажиллагааны аргачлал, төлөвлөгөөг гаргах” гэж заасан байдаг ба ихэнх хөтөлбөр боловсруулагчид ерөнхий байдлаар төлөвлөгөө гаргадаг хэдий ч хэрэгжүүлэх ажил бараг хийдэггүй, мөн үнэлгээний үр дүнгээр тасралтгүй сайжруулалт хийх ажил орхигдож ирсэн гэж хэлж болно. Иймээс ҮДСБ-ийн тогтолцооны зарчмын дагуу хөтөлбөрийн сургалтын чанарыг үнэлэх, үнэлгээний үр дүнгээр тасралтгүй сайжруулах үйл ажиллагааг сайн төлөвлөж хэрэгжүүлэх ёстой.
Сургалтын хөтөлбөрийн чанарын баталгаажуулалт, тасралтгүй сайжруулалтын хүрээнд PEOs, PLOs ба CLOs-ийн гүйцэтгэлийн түвшинг үнэлэх ба шууд, шууд бус гэсэн 2 төрлийн үнэлгээний аргыг хэрэглэнэ. Эдгээр үнэлгээ нь голлон дараах хэлбэрээр хийгдэнэ. Үүнд:
Шууд үнэлгээний аргууд:
- Явцын сорил, тест
- Улирлын шалгалт
- Бие даалтын ажил
- Курсын ажил
- Төсөл
- Лабораторийн ажил
Шууд бус үнэлгээний аргууд:
- Хичээлийн үр дүнгийн санал асуулга
- Төгсөх оюутны санал асуулга
- Төгсөгчдийн санал асуулга
- Ажил олгогчдийн санал асуулга
- Хөтөлбөрийн мэргэжлийн зөвлөлийн санал асуулга, уулзалт хэлэцүүлэг
Дээрх 3 түвшинд хийгдэх үнэлгээг зурагт 4.1-д үзүүлсэн байдлаар загварчилж болно.
Зураг 4.1. Хөтөлбөрийн суралцахуйн үр дүнгүүдийн үнэлгээний ерөнхий загвар
Зурагт үзүүлсэнээр PEОs-ийг шууд бус үнэлгээгээр, PLOs-ийг шууд ба шууд бус үнэлгээгээр, харин CLOs-ийг мөн шууд ба шууд бус үнэлгээгээр тус тус үнэлнэ. Шууд үнэлгээний арга нь тухайн хичээл, хөтөлбөрийн хувьд оюутны гүйцэтгэл буюу PLOs, CLOs-ийн бодит гүйцэтгэлийн түвшинд өгч байгаа үнэлгээ байна. Харин шууд бус үнэлгээ гэдэг нь төгсөгчид, ажил олгогчид, оюутнууд гэх мэт оролцогч талаас санал асуулга авах замаар тэдгээрээр саналаар гүйцэтгэлийн түвшинг тодорхойлох үнэлгээ байна.
Эдгээр үнэлгээг тухайн Сургалтын Хөтөлбөр Хариуцсан Дэд Зөвлөл(СХXДЗ) удирдан зохион байгуулна. СХXДЗ нь хөтөлбөр хэрэгжүүлэгч баг, салбарын багш нараас бүрдсэн байнгын ажиллагаатай зөвлөл байна. Хөтөлбөрийн үнэлгээний үр дүнгээр суралцахуйн үр дүнг шинэчилэх, оновчлох, сургалтын үйл ажиллагаа, сургалтын орчинг шинэчилэн сайжруулах, багш нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зэрэг олон ажлыг зохион байгуулж байх ёстой.
Шууд үнэлгээ(Direct assessment).
Шууд үнэлгээний аргаар сургалтын хөтөлбөрийн үнэлгээг хийхдээ тухайн сургалтын хөтөлбөр дэх хичээл бүрийн хувьд багш нарын оюутнуудаа үнэлсэн үнэлгээнд үндэслэн статистик судалгаа хийдэг. Статистик судалгааг хийхдээ тухайн хичээлийн суралцахуйн үр дүнгийн гүйцэтгэлийг олон төрлийн үнэлгээний хэрэгсэл ашиглан(явцын шалгалт, бие даалт, курсын ажил, лаборатори, ирц идэвхи гэх мэт) тодорхойлсон үр дүнг үндэслэн хийнэ. Энэ үнэлгээг багш бүр өөрсдийн заасан хичээл тус бүрээр хийж үр дүнгийн тайлан бэлтгэнэ. Хэрвээ хэд хэдэн багш хамтарч нэг хичээл заадаг бол нэгдсэн нэг тайлан бэлтгэж болно.
Шууд бус үнэлгээний арга (Indirect assessment).
Хөтөлбөр хэрэгжүүлэгч нэгжийн сургалтын хөтөлбөр хариуцсан дэд зөвлөл(СХXДЗ) хөтөлбөрийг хэрэгжүүлэх бүрэлдэхүүнээс санал асуулга авах замаар суралцахуйн үр дүнгийн хэрэгжилтэд үнэлэлт, дүгнэлт өгч сайжруулах үйл ажиллагааг зохион байгуулж болно. Үнэлгээ хийхдээ ихэвчлэн дараах санал асуулгуудыг авч, үр дүнг боловсруулж дүн шинжилгээ хийдэг.
Суралцаж буй оюутны санал асуулга: Суралцаж байгаа оюутнуудаас авах судалгаа нь богино хугацааны сайжруулалт буюу хичээлийн түвшинд суралцахуйн үр дүнг үнэлэх, сайжруулалт хийх, багшлах бүрэлдэхүүний заах чадварыг үнэлэх зорилготой.
Төгсөх курсын оюутны санал асуулга: Энэ судалгааг жил бүр төгсөж байгаа оюутнуудаас авах бөгөөд тэдний 4 жилийн хугацаанд эзэмшсэн мэдлэг, ур чадвар, хандлагын түвшинг тогтоохоос гадна сургалтын үйл ажиллагаа, багшлах бүрэлдэхүүн, сургалтын орчин зэрэг олон чиглэлийн асуулгуудаар хөтөлбөрт үнэлгээ хийж хэрхэн сайжруулах шаардлагуудыг тодорхойлдог.
Төгсөгчдийн санал асуулга: Уг санал асуулгыг мэргэжлээрээ 3-оос дээш жил ажилласан төгсөгчдөөс авах ба судалгаагаар хөтөлбөрийн боловсролын зорилго, зорилтууд ба суралцахуйн үр дүнгүүдийг хэр зөв тодорхойлсныг үнэлэхээс гадна төгсөгчдийн эзэмшсэн мэдлэг, ур чадвар, хандлагын түвшинг үнэлдэг.
Ажил олгогчдын санал асуулга: Уг санал асуулгыг төгсөгчид олноор ажиллаж байгаа гол гол ажил олгогчдоос 3-5 жил тутамд авч авна. Ажил олгогчдоос авах судалгааны үр дүнгээр нь хөтөлбөрийн боловсролын зорилтууд болон суралцахуйн үр дүнг үнэлэх, сайжруулах үйл ажиллагаа хийгдэнэ.
Сургалтын хөтөлбөрийн үнэлгээний үе шатууд:
Сургалтын хөтөлбөрийн үнэлгээг дараах үе шатуудаар хэрэгжүүлнэ.
- Хичээлийн шатан дахь үнэлгээ гэдэг нь оюутны тухайн хичээлээр эзэмших суралцахуйн үр дүнгийн (CLO) эзэмшсэн түвшинг зорилтот түвшинтэй харьцуулан дүгнэдэг үнэлгээ юм. Энэ үнэлгээг хичээл заагдсан улирал бүр хийнэ. Энэ шатанд шууд үнэлгээ нь ихэвчлэн багшийн зүгээс оюутанг үнэлсэн явцын бүх оноо болон улирлын шалгалтын оноо дээр үндэслэн боловсруулагдана. Харин хичээлийн шатан дахь шууд бус үнэлгээ гэдэг нь тухайн хичээлийг судалсан оюутнаас авах санал асуулгын дүнгээр боловсруулагддаг. Санал асуулга нь хичээлийн суралцахуйн үр дүнг хэрхэн эзэмшсэн талаар, багш хичээлээ хэрхэн үр дүнтэй явуулсан талаар, сургалтын орчны талаар гэх мэт асуултыг багтаасан байдаг.
- Хөтөлбөрийн шатны үнэлгээний нэг нь тухайн сургалтын хөтөлбөрөөр оюутны эзэмших суралцахуйн үр дүнгийн (PLO) гүйцэтгэлийн түвшинг зорилтот түвшинтэй харьцуулан дүгнэдэг үнэлгээ юм. Уг үнэлгээг жил тутамд хийнэ. Хөтөлбөрийн шатанд шууд үнэлгээ нь тухайн хөтөлбөрийн нийт хичээлийн хувьд хийгдсэн шууд үнэлгээний үр дүнд тулгуурлан тэдгээрийг суралцахуйн үр дүнгээр нь нэгтгэсэн байдлаар гарч ирнэ. Өөрөөр хэлбэл хичээл бүр зорилтот суралцахуйн үр дүнгээ оюутанд өгсөн үү? цаашлаад хөтөлбөрийн суралцахуйн үр дүн оюутанд хэр зэрэг олгогдсон бэ гэдгийг зорилтот түвшинтэй харьцуулан дүгнэнэ. Харин хөтөлбөрийн шатанд шууд бус үнэлгээг хийхдээ суралцаж байгаа болон төгсөж байгаа оюутан, төгсөгч, ажил олгогчдоос санал асуулга авах замаар хийнэ.
- Хөтөлбөрийн шатанд хөтөлбөрийн боловсролын зорилтууд (PEO) биелсэн эсэхийг үнэлнэ. Энэ үнэлгээ нь хөтөлбөрийн урт хугацаанд төлөвлөсөн үр дүнгийн гүйцэтгэлийг тодорхойлно. Гол төлөв 3-5 жилийн давтамжтай хийгддэг бөгөөд мэргэжлээр ажиллаж байгаа төгсөгчид болон ажил олгогчдоос санал асуулга авах замаар хэрэгжүүлнэ.
Суралцахуйн үр дүнгүүдийн зорилтот түвшин, үнэлгээний давтамж:
Тухайн хөтөлбөрөөр оюутны эзэмшсэн суралцахуйн үр дүнгийн түвшин нь төгсөгчид мэргэжлээрээ амжилттай ажиллах, ахин дэвших, ажил олгогчдын шаардлагыг хангах үндэс суурь болно. Иймээс оюутны эзэмшсэн суралцахуйн үр дүнгийн түвшинг аль болох өндөр байлгах үүднээс заавал хүрсэн байх зорилтот түвшинг сургалтын хөтөлбөрт тодорхойлж түүнд хүрэх зорилгоор байнгын үнэлгээ, сайжруулалт хийгдэж байх ёстой.
Суралцахуйн үр дүнгийн үнэлгээг богино (улирал, хичээлийн жил тутамд) ба урт (3-5 жил тутамд гэх мэт) хугацааны давтамжтайгаар дээр дурдсан үйл явцын дагуу гүйцэтгэдэг.
Богино хугацааны мөчлөг: Суралцаж байгаа болон төгсөх курсын оюутнуудаас авах санал асуулгын үр дүнд тулгуурлан тухайн хөтөлбөрөөр суралцаж байгаа оюутны эзэмших суралцахуйн үр дүнг оновчлох, хөтөлбөрт байгаа хичээлийн суралцахуйн үр дүнд үнэлэлт өгч, хичээл тус бүрийн агуулга, чанарыг сайжруулах шаардлагыг тодорхойлж хэрэгжүүлнэ.
Урт хугацааны мөчлөг: Төгсөх курсын оюутан, төгсөгчид ба ажил олгогчдын санал асуулгын үр дүнд үндэслэн хөтөлбөрийн боловсролын зорилтуудыг шинэчлэн сайжруулах, тухайн хөтөлбөрөөр оюутны эзэмших суралцахуйн үр дүн бүрийн хүрсэн түвшинг дээшлүүлэх үйл ажиллагаа хийгдэнэ. Урт хугацааны мөчлөг нь сургалтын хөтөлбөрийг сайжруулах илүү стратеги төлөвлөлтийн шинж чанарыг агуулсан байдаг.
Хөтөлбөрт үнэлгээ хийх, үнэлгээний үр дүнг боловсруулах, дүн шинжилгээ хийх үйл ажиллагааг гол төлөв Сургалтын Хөтөлбөр Хариуцсан Дэд Зөвлөл (СХXДЗ) зохион байгуулах ба хичээлийн жилийн эцэст хөтөлбөрийн суралцахуйн үр дүнгүүд хэрхэн биелсэнийг үнэлж дүгнэнэ. Үнэлгээний үр дүнд үндэслэн хөтөлбөрт сайжруулалт хийх шаардлагатай саналыг боловсруулна. СХXДЗ-ийн ахлагч нь хөтөлбөрийг сайжруулах нэгдсэн саналыг салбарын бүх багш нарт болон хөтөлбөрийн мэргэжлийн зөвлөл(ХМЗ)-д танилцуулж, тэдний санал, зөвлөмжийг тусгасны дараа өөрчлөлт, сайжруулалтуудыг хийнэ. Үүнд:
- Хөтөлбөрийн боловсролын зорилтыг үнэлэх, шинэчлэх, сайжруулах
- Хөтөлбөрийн суралцахуйн үр дүнг үнэлэх, шинэчлэх, сайжруулах
- Сургалтын төлөвлөгөөнд хичээл нэмэх, хасах, багц цаг өөрчлөх
- Хичээлийн суралцахуйн үр дүнг үнэлэх, шинэчлэх
- Хичээлийн агуулга, ном сурах бичгийг өөрчлөх гэх мэт
Хичээл нэмэх, хасах, багц цаг өөрчлөх гэх мэт том өөрчлөлтийг салбар чиглэлийн Хөтөлбөрийн Дэд Хороо(ХДХ), Хөтөлбөрийн Ерөнхий Хороо(ХЕХ)-гоор хэлэлцүүлж батлуулсны дараа хийнэ. Өөрчлөлтийг бүх холбогдох талуудад мэдэгдэн, салбарын холбогдох баримт бичгүүдэд зохих өөрчлөлтүүдийг оруулна. Хөтөлбөрийн үнэлгээтэй холбоотой судалгааны баримт материал, дүн шинжилгээний үр дүнгүүд нь цаасан болон файл хэлбэрээр СХXДЗ-ийн үнэлгээ, дүн шинжилгээний бичиг баримтын санд хадгалагдаж байх хэрэгтэй. Энэ нь дотоод, гадаадын магадлан итгэмжлэлийн шинжээч нарт үзүүлэх сургалтын үйл ажиллагааны гол нотолгоонуудын нэг болох учиртай юм.
Сургалтын хөтөлбөрт хийх шууд ба шууд бус үнэлгээний төлөвлөлтийг хүснэгт 4.2-д үзүүлсэн жишиг загварын дагуу хийж болно. Энд тодорхойлсноор ямар үнэлгээний аргаар, ямар давтамжаар, үнэлгээг хэн зохион байгуулах зэрэг мэдээллүүдийг багтаасан байна.
Хүснэгт 4.2. Шууд ба шууд бус үнэлгээний төлөвлөлт
д/д |
Үнэлгээний аргууд |
Үнэлгээний давтамж |
PLOs-ийн зорилтот түвшин |
Үнэлгээг зохион байгуулах нэгж |
1 |
Ажил олгогчоос авах санал асуулга |
Жил бүр |
Санал асуулгад оролцогчдын ....%-аас дээш нь ..... дээш үнэлгээ өгөх |
СХХДЗ |
2 |
Төгсөгчдөөс авах санал асуулга |
Жил бүр |
Санал асуулгад оролцогчдын ....%-аас дээш нь ..... дээш үнэлгээ өгөх |
СХХДЗ |
3 |
Төгсөх оюутнаас авах санал асуулга |
Жил бүр |
Санал асуулгад оролцогчдын ....%-аас дээш нь ..... дээш үнэлгээ өгөх |
СХХДЗ |
4 |
Хичээл судалсан оюутнуудаас авах санал асуулга |
Улирал бүр |
Санал асуулгад оролцогчдын ....%-аас дээш нь ..... дээш үнэлгээ өгөх |
СХХДЗ |
5 |
Хичээлийн суралцахуйн үр дүнгийн үнэлгээний тайлангаар PLOs-ийг үнэлэх |
Улирал бүр |
С ба түүнээс дээш үнэлгээ авсан оюутны тоо ....%-аас доошгүй байх |
СХХДЗ |
ХОЛБООТОЙ СЭДВҮҮД:
1. СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРТ ТАВИГДАХ ҮНДСЭН ШААРДЛАГА
2. ДОТООД, ГАДААДАД СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР МАГАДЛАН ИТГЭМЖЛҮҮЛЭХЭД ТАВИГДАХ ШАЛГУУР, ШААРДЛАГА
3. ҮР ДҮНД СУУРИЛСАН БОЛОВСРОЛЫН CDIO СТАНДАРТ, АРГА ЗҮЙН ШАЛГУУР, ШААРДЛАГА
4. СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙГ ДОТООДЫН БОЛОН ОЛОН УЛСЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛД БЭЛТГЭХ АРГА ЗҮЙ